Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц үг хэлэхдээ чуулганы ирц, гишүүдийн хариуцлага болон төрийн бодлогын хэрэгжилтийн талаар хатуу байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Өчигдөр өглөөнөөс хойш УИХ-ын чуулганы ирц бүрдэхийг 24 цаг хамт хүлээсэн 61 гишүүндээ талархал илэрхийлье. Харин хуралдаа ирээгүй гишүүд ажилдаа ч, цагаа ч барьж чаддаггүй, улмаар өргөсөн тангаргаа умартсан бололтой. Томилогдох болохоороо “Бүхнийг шийднэ, сайхан болгоно, цалин тэтгэврийг нэмнэ” гэж амладаг ч бодит байдал нь ажилдаа ирдэггүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд гишүүд ирдэггүй, хариуцлагагүй ханддаг асуудлыг онцлон, “Ажилтай холбоотой тайлбараа тавь” гэсэн шаардлагад ч хариу өгөөгүйг шүүмжилжээ. Би хууль тогтоох засаглалд орж ирээд яг нэг жил болж байна. Монгол Улс хөгжинө гэдэгт би итгэдэг. Ирээдүйд итгэж, өөрчлөлт хүсэж буй залуус олон байна. Гэвч олон жил УИХ-ын гишүүн хийж, давхар дээлтэй явсан хүмүүс өнөөдөр багш, эмч нарын цалинг нэмсэн үү? Тэд өдөр бүр тэвчиж байна. Гэтэл төр өөрөө урсгал зардлаа 10 хувиар танахад л цалин нэмэх боломж гарч ирж байгаа гэж хэлж байгаа нь ямар их шалтаг вэ? төрийн албан тушаал бол “Эрх мэдэлд хүрэх шат бус, ард түмэнд үйлчлэх эхлэл” юм. Энэ сэнтийдээ ямар их хайртай юм бэ? Би 2025 оны зургадугаар сарын 17-нд “Төрийн албан тушаал бол хүрэх цэг биш, эхлэх цэг” гэж хэлж байсан. Харамсалтай нь сүүлийн хоёр долоо хоног зөвхөн шалтаг ярьж, шийдэл ярьсангүй. Эхнээсээ шийдэлтэй ажиллах ёстой байсан гэв.
Б.БИЛГҮҮН