ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдааны завсарлагааны үеэр байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6.2 дээр УИХ-ын нэгдсэн чуулганыг пүрэв, баасан гарагийн 09:00 цагт ирцэндээ орно. 10:00 цагаас чуулганы хуралдаан эхэлнэ. 17:00-18:00 цагт дуусгана гэсэн заалттай. Тухайн өдрийн ирцэнд орсноороо бүртгүүлээд, 18:00 цагтаа хаагдаад, шаардлагатай бол сунгаж хуралдаад тэр өдөртөө хаагдаж байх ёстой. Тэгвэл өчигдрийн ирцээр явсаар байгаад, баасан гарагийн шинэ ирц бүрдүүлэх ёстой байтал энд хууль зөрчигдсөн. Дэгийн тухай хуулийг зөрчсөн. Дахин дээрээс нь хуралдааныг нээгээгүй байж УИХ-ын дэд дарга хуралдаан даргалагч. Хуралдааны ээлжит хэлэлцүүлэгтэй танилцаж байж олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөгдөх ёстой. Хуралдаан нээгээгүй байж бүтэн 24 цагийн турш өнөөдөр индрийн микрофоныг ашиглаж, УИХ-ын гишүүдийг доромжилсон элдэв байдлаар хэлсэн иймэрхүү байдлаар хуралдаан даргалагч бүрэн эрхээ хэтрүүлж, индрийн микрофоныг хууль бусаар ашигласан. Ийм байдлаар үндсэн процесс явагдаад өнөөдөр байнгын хороон дээр 13:30 цагаас өмнө дуусах ёстой. Нэг гишүүн 4 минут асуулт асуугаад, хоёр удаа тодруулах эрхтэй. Гэтэл зарим гишүүдэд давуу байдал олгож, олон удаа асуух боломж олгож, олон удаа хариулах байдлаар бусад гишүүдийнхээ асуулт асууж, үг хэлэх боломжийг хаалаа. Сая гучаад гишүүн асуулт асууж, үгээ хэлж чадсангүй. Ийм байдлаар ялгавартай хандлаа. Үндсэн хууль зөрчсөн томьёоллоор санал хураалгаад, Монгол Улсын Ерөнхий сайдыг Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын чуулганы тухай хууль болон УИХ-ын тухай хуулийн маш олон заалтыг, маш олон үйлдлүүдээр зөрчиж, Ерөнхий сайдыг хууль бусаар огцрууллаа. Энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өчигдөр өгсөн байгаа. Цэц дээр маргаан үүссэн байгаа. Монгол Улсад хууль байдаг уу, төрийн албан хаагчид хуулиа дээдэлдэг үү, Монгол Улсад хувь хүн биш хууль засагладаг уу, үгүй юу гэдгийг одоо Үндсэн хуулийн цэц болон бусад хуульчид, холбогдох албан тушаалтнууд харуулах байх аа.
-Засаг огцорсноор юу болох вэ?
-Булгантуяа даргатай ТББХ-ны хуралдаанаас гарч ирээд Ерөнхий сайд, Сангийн сайд Жавхлан бид гурав уулзсан. Индэр дээр хурал удирдаад сууж байхад нь санал хураах томьёоллыг нь асуусан. Ямар томьёоллоор санал хураах гэж байна вэ гэж. ТББХ-ны саналаар дэмжээгүй томьёоллыг дэмжье гэдэг томьёоллоор санал хураалгана. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль зөрчсөн санал хураалт явуулна гэж хэлсэн. За тэгээд миний дүү, эрхэм гишүүн ээ, Их хурлын дэд дарга аа хууль зөрчив. Наадах чинь Үндсэн хуулийн зөрчил болно шүү. Их олон үр дагавартай шүү. Эцэстээ төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг гэмт хэрэг ч болж болзошгүй шүү. Миний дүү анхаараарай гэж хэлсэн. Сайн санаж хэлсэн үгийг дарамт гэж ойлгосон байна лээ. Бидний жаахан зөрчил, үл ойлголцол биднийг ийм эмзэг байдалд аваачсан байна. Хүний хэлээгүй үгийг хэлсэн болгож, хийгээгүй үйлдлийг хийсэн болгож, манайхан ийм л болчхоод байгаа юм. Хулгайч хулгайчийг бариарай гэж хашхирдагтай адилхан бодсоноосоо өөрийг ярьдаг, ярьснаасаа өөрийг хийдэг ийм л болчхоод байгаа. Үүнийгээ олон нийтэд пиардаж цацдаг. Энийгээ л болимоор байгаа юм. Үнэн ганц байх ёстой.