УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсныг дэмжиж, Үндсэн хууль зөрчсөн үйлдэлд хатуу байр суурь илэрхийллээ.
Тэрбээр “Өнөөдөр 10:00 цагт МУ-ын ерөнхийлөгч, МУ-ын ЕС Г.Занданшатарыг огцруулах тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Нэгдүгээр асуудал үндсэн хуулийг зөрчсөн гэж харж байгаа. Миний хувьд МУ-ын УИХ-ын дарга Д. Амарбаясгаланг огцруулах асуудал дээр гарын үсэг зураагүй. МУ-ын ЕС Г. Занданшатарыг огцруулах асуудалд ч гарын үсэг зураагүй. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн хувьд маш ёс зүйгүй аашилсан. Бид үндсэн хуулиа мөрдөж ажиллах үүрэгтэй. Бид УИХ-ын гишүүний тангаргаа үндсэн хууль дээрээ гараа тавьж байгаад өргөдөг. УИХ-ын гишүүд аль нэг тал гэхээсээ илүүтэйгээр хуулийн зөрчилгүй байх тал дээр өөрсдөө үлгэр жишээ үзүүлдэг байх ёстой. Тийм учраас тухайн үеийн ирцэд ороогүй. Өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгчийг үндсэн хуулийн талд зогсож хориг тавьсанд УИХ-ын гишүүн хүний хувьд талархаж хүлээж авч байна. Энэ бол үндсэн хуулийн зөрчил мөн. МАН-ын бүлэг хоёр байтугай хорь хуваагдсан байсан. УИХ-ын гишүүд бүгд Үндсэн хуулийнхаа талд зогсдог байх ёстой. Цаашдаа аль нэгэн парламентын чуулганыг удирдаж буй аливаа этгээд парламентыг сулруулах үг, үсэг хэлдэггүй байх ёстой. Парламентын засаглал руугаа дайрдаггүй байх ёстой. Аль нэг талыг идэвхийлэн дэмжиж, чичирч Үндсэн хуулийг зөрчих үйлдлийг гаргадаг байж болохгүй гэдэг дээр сургамж аваасай хэмээн хүсэж байна” гэлээ.
Б.БИЛГҮҮН