Засгийн газрын хуралдаанаас шийдвэрийг танилцуулж байна.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар НҮБ-ын энхийг сахих ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг өөрчлөх шийдвэр гаргалаа. 2002 оны хойш 23 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд давхацсан тоогоор 23000 гаруй цэргийн албан хаагч ажилласан байна. 2011 оны Засгийн газрын 270 дугаар тогтоолоор энэхүү үйл ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдад олгодог томилолтын зардлыг 70 хувь тухайн үүрэг гүйцэтгэсэн хүндээ, 30 хувь нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэх шийдэл гаргасан байсныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 80 хувь нь үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүнд, 20 нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчийн нийгмийн асуудалд томоохон ахиц гарна. Нэг жилийн хугацаанд алс хол газар алба хаагаад ирсэн алба хаагчид 6 сая гаруй төгрөгийн нэмэлт томилолт олгож байгаагаараа онцлог шийдвэр гарч байна.
Хоёрдугаарт, хугацаат цэргийн алба хаагчидтай холбоотой алба хаах үндсэн үүрэг гүйцэтгэхээс гадна тодорхой хэмжээний мэргэжил олгох сургалтууд хийгддэг байсан. үүнтэй холбоотойгоор 21 аймаг, 330 гаруй сумаас тухайн орон нутагт эрэлт хэрэгцээтэй байгаа ямар мэргэжил байгаа вэ гэдэг дээр судалгаа авсан. Үүн дээр үндэслэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамтай хамтран хугацаат цэргийн алба хаагчид тухайн орон нутагт хэрэгтэй мэргэжлээр мэргэжил эзэмшүүлэх боломжийг алба хааж байх хугацаанд олгохоор хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингэснээр хугацаат цэргийн алба хаагч орон нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжийг хангаж байна.
С.ОТГОНБАЯР








Улс төр







