Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж дүгнэлтээ танилцууллаа. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2025 оны аравдугаар сарын 22. Дугаар 08. Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 22:50 цаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Баясгалан даргалагч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан илтгэгч, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Д.Болдбаатар, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баяржаргалыг оролцуулан, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, дэд дарга Б.Цолмон, ахлах референт Баясгалан, референт Б.Төрбат, хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж, Монгол Улсын Их хурлын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын дэд даргын зөвлөх Г.Гантөгс, УИХ-ын тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Монгол Улсын их хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баасанжаргал, Л.Энхнасан, Ч.Даваасүрэн, Б.Идэрбат, Ч.Номин, Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Г.Баярбаатар, Э.Болормаа, С.Гангабаатар, М.Мандухай болон гэрчээр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, шинжээчээр хууль зүйн ухааны доктор О.Машбат нар хүрэлцэн ирсэн байна.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их хурлын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их хурлын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны наймдугаар дүгнэлт нь нийт 38 нүүр учраас та бүхэнд дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгоё.
Нэг: Онц хүндрэлтэй яаралтай шийдвэрлэх асуудлаар маргаан шууд үүсгэсэн тухай,
Монгол Улсын Ерөнхий сайд /цаашид Ерөнхий сайд гэхийн/ хүсэлт түүний ихэсгэсэн шаардлага. Монгол Улсын Их хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их хурлын 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаас гарсан шийдвэрийн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж шаардлагаа дараах үндэслэлээр тайлбарласан байна.
Нэг: Монгол Улсын Их хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа УИХ-ын 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахаар мэдэгдэж, зохион байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн.
Хоёр: УИХ-ын хурлын 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье гэсэн томьёоллоор бус харин байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураалт явуулж, Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолыг баталсан тул уг тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн.
Гурав: УИХ-ын 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй. Хуралдаан албан ёсоор эхлээгүй байхад 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдааны ирцтэйгээр нэгтгэн тооцож, 51.6 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхлүүлсэн нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн.