Dark Light
Улс төр | 2025-10-23

2026 ОНД 2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АШИГ ТӨЛӨВЛӨЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдөр (2025.10.23) Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай багц хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт төсвийн төслүүдийг танилцуулсан юм. Тэрбээр 2026 оны төсвийг “Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулсан гэдгийг онцолж,

  • Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг,

  • Суурь зарлага 29.6 их наяд төгрөг,

  • Суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай байхаар төлөвлөснийг танилцууллаа.

Хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2.18 их наяд төгрөгийг үргэлжлэн хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд, 33 хувь буюу 1.08 их наяд төгрөгийг шинээр хэрэгжих төсөлд зарцуулахаар тооцжээ. Төслийн хэрэгцээ, шаардлагыг нарийвчлан үнэлж, шалгуурыг сайжруулснаар нийт төсөл, арга хэмжээний тоо хэмжээг хоёр дахин бууруулсан талаар С.Бямбацогт мэдээлэв.

Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, С.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүн Д.Рэгдэл 830 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр дутагдаж буй талаар дурдаж, уг хөрөнгийг хэрхэн нөхөх талаар лавласан юм.

Үүнд С.Бямбацогт хариулахдаа,

“Засгийн газрын гишүүд багш, эмч, ахмадын төлөөлөлтэй уулзаж тохиролцоонд хүрч байна. Урсгал зардал болон хөрөнгө оруулалтаас аль алинаас нь тодорхой хэмжээгээр хасах, Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан ДНБ-ий 24 хувь гэсэн хязгаарыг өөрчлөх, мөн Тавантолгойн бүлэг ордын ашиглалтыг эрчимжүүлж орлого нэмэгдүүлэх зэрэг хувилбаруудыг ярилцаж байна” хэмээн мэдэгдэв.

Мөн Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар гишүүдийн асуултад хариулахдаа:

  • 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалинг 20 хувь,

  • Долдугаар сарын 1-нээс дахин 10 хувь нэмэгдүүлэхээр,

  • Инфляцын түвшинг 8.0 хувь байхаар тооцсон гэдгийг мэдээлэв.

Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Г.Лувсанжамц нарын 15 гишүүний гаргасан 53 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


Эх сурвалж | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19