Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас тодруулаа.
-Багш нарын цалинг ямар үе шаттай, яаж нэмэх вэ. Танай яамнаас баталгаажуулбал цалин нэмэх боломжтой гэсэн?
-Боловсролын яам болон Багш нарын үйлдвэрчний эвлэл хамтын хэлэлцээр хийж, урьдчилсан хэлэлцээрт хүрлээ гэсэн үг. Боловсролын яам болон үйлдвэрчний эвлэлийн хэлэлцээрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүртгэж байж хүчин төгөлдөр болсон гэж үздэг. Яг одоо МАН-ын бүлэг хуралдаж байна. Төсвийн байнгын хороо Сангийн яамны төсвийн бололцоо ямаршуу байгааг ний нуугүй ярилцъя гээд хэлэлцэж байна. Манай яам багш нарын цалинг нэмэхэд дангаараа шийдвэр гаргах боломжгүй. Ямар зардлуудаа хасаад цалин нэмэх боломжтой гэдгийг авч хэлэлцэж байгаа. Шийдэгдчихсэн зүйл биш. Улсын төсөв энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдана. Арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хэлэлцүүлэг явна гэсэн үг. Багш нарын зүгээс хоёр үе шатаар 2026 онд 2.8 сая төгрөгт хүргэх хүсэлт тавьж байна. Төсвийн бололцоо байна уу гэдгийг тал талаас нь хэлэлцэж байгаа. Үүнийг Гэр бүл, нийгмийн, хамгааллын яам дангаараа шийдэх зүйл огт биш.
-Тооцоолол нь яаж орж ирсэн бэ?
-76 хувиар нэмэх тооцооллын санал орж ирсэн. Энэ бол багш нарын тавьж байгаа хүсэлт. Энэ хүсэлтийг биелүүлэх эдийн засгийн бололцоо бий юу гэдгийг авч хэлэлцэж байгаа. Эцсийн шийд гараагүй. Засгийн газрын зүгээс энэ бүртгэл болж байна гэж үзвэл би бүртгэнэ. Болохгүй юмыг би бүртгүүлээд, төсөв санхүү дааж дийлэхгүй, дараа нь эдийн засгийн асуудал үүсвэл хэн хүлээх вэ.
-Нэг жил аргаллаа гэж үзэхэд цаашдаа яах вэ?
-Хэлэлцээрт 2027 онд 3.5 саяд хүргэнэ гэсэн үг үсэг оруулсан байна. Хэрвээ энэ хэлэлцээрийг баталбал Засгийн газар үүрэг хүлээж байна гэсэн үг. 2027 оны улсын төсвийг одоо ярих боломж байхгүй. Гурван талт гэрээнийхээ хүрээнд дүн, хувь тавихгүйгээр нэмэгдүүлнэ гэж явахгүй бол дахин үүрэг хүлээнэ. Эцэслэн шидэгдээгүй байгаа гэдгийг дахин хэлье.
С.ОТГОНБАЯР







Улс төр








