УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар нэг асуудалд хэлэлцлээ. 2026 оны улсын төсвийг хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын ажлын хэсгийн мэдээллийг сонсож, нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлуудад төсөвт тодорхой хэмжээний зохицуулалт хийж, тодорхой салбаруудын асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох тооцоолол судалгаанууд, мэдээллээ бүрэн нягтлаад, тодорхой шийдвэрүүд гаргалаа. Хэлэлцсэн асуудлууд тодорхой. Багш нарын цалинг нэмэх асуудлыг шийдье. 2025 оны арванхоёрдугаар сарын 1 гэхэд үндсэн цалин 2.8 сая төгрөгт хүргэх тооцооллуудыг хийсэн.
Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх тооцоо судалгаанууд хийгдэж, эх үүсвэрийг нь 2026 оны төсөвт суулгалаа.
Гуравдугаарт, ахмад настнуудын нийгмийн халамжийн тэтгэврийн асуудлыг төсөвт 6 хувийн өсөлттэйгөөр орж ирсэн. Сая бид инфляцын нөхцөл байдалтай уялдуулаад 2.6 хувиар нэмэгдүүлээд, 8.6 хувиар нэмэгдүүлэхээр эх үүсвэрийнхээ тооцоо судалгаануудыг хийгээд 2026 оны төсөвт тусгаж орууллаа.
Дагасан хууль тогтоомжуудын хүрээнд орж ирсэн асуудлуудыг мөн дэмжлээ. НӨАТ-ын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг үйлчлэх хугацааг нь нэгдүгээр сарын 1-нээс биш аравдугаар сарын 1-нээс байх нь зохистой гэдэг тооцоолол гарган дэмжлээ.
Баялгийн сангийн ашгийг нэмэгдүүлэх боломж бий. Ашиглаагүй байгаа ордуудад олон улсын аудит оруулаад зөв менежментээр үр өгөөжийг нь нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлье. Ингэж байж хуримтлалын сан, ирээдүйн хуримтлал үүсгэх сангуудын хөрөнгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэлээр асуудлыг дэмжлээ.
С.ОТГОНБАЯР







Улс төр








