УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
АН-ын дарга О.Цогтгэрэл: УИХ дахь бүлэг дараах асуудлуудыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмж, ЭМДС-ийн тогтолцоо, санхүүжилт, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болоод эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд мэдээлэл хийсэн.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нарын гишүүдийн зүгээс өргөн барьсан Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулга сонслоо.
Гуравдугаарт, АН-ын бүлгээс тодорхой ажлын хэсгүүд байгуулж ажиллаж эхэлж байна. Энэ нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар АН-ын бүлгээс хувилбар гаргаж, ач холбогдол өгч ажиллах ёстой. Сонгуулийн хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль гээд гурван хуульд АН-ын бүлгээс ажлын хэсэг гарч ажиллан, салбарын мэргэжилтнүүд ажиллах ёстой гэдэг шийдвэрүүд гарлаа. Монгол Улсын төсвийнхөө хамгийн өндөр хэсгийг эрүүл мэндийн салбарт оруулдаг. Гэтэл төсвийн өгөөж, үр ашиг байдаггүй салбар болчихсон. Нэг хүнд ногдож байгаа орны хэмжээнд дэлхийн дундаж байтугай, дэлхийн хөгжингүй орны хэмжээнд хөрөнгө оруулалт хийчихсэн. Гэтэл түүнээс гарч байгаа үр өгөөж гэдэг зүйл байхгүй. Тэр тусмаа эмнэлгээс гадуур нас барж байгаа тоо асар өндөр болчихсон. Тогтолцоо, даатгал, хөрөнгө оруулалт гээд ярихад асар их асуудалтай салбар болжээ.
Өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин 2.5 сая төгрөг. Нэмэгдлүүд нь ороод шүү. Монгол Улсын дундаж цалин 2.7 сая төгрөг. Монгол Улсын дундаж цалингаас эрүүл мэндийн салбарынхны цалин бага байна. Монгол Улсын цалингийн дундаж хэмжээнээс боловсролын салбарын цалин бага байна. Гэсэн ч Боловсролын сайдаас авхуулаад олон олон хүмүүс боловсролын салбарын цалингийн тухай тоо баримт хэлдэггүй. Зөрүүтэй тоо хэлдэг. Бараг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Салбарын сайд нар нь салбарынхаа цалин хөлсийг мэддэггүй. Ийм л нөхцөл байдалд оччихсон тооцоо, аргачлалын зарим зүйлүүд байдаг байх. Цалин дээр санал гаргаж болохоор байгаа. Жишээ нь, Монгол Улсын хэмжээнд ажил хийж байгаа иргэдийн дундаж цалин 2.7 сая төгрөг байдаг бол УИХ-ын гишүүд, ард иргэдийнхээ төлөөлөл юм бол Монгол Улсынхаа дундаж цалинг УИХ-ын гишүүд авдаг болбол ямар вэ? Монгол Улсад ажил хийж байгаа иргэдийнхээ дундаж цалингаар УИХ-ын гишүүд цалинжих, салбарынхаа дундаж цалингаар салбарын сайд цалинждаг байвал ядаж цалингаа сайн мэдэцгээх юм биш үү. Монгол Улсын дундаж цалинг УИХ-ын гишүүд нь мэддэг. Энэ цалингаа яаж нэмэгдүүлэх вэ, бүтээмжтэй бүтцийн өөрчлөлтөд яаж холбогдох вэ гэдгийг төрийн бодлого шийдвэрт тусгадаг болох юм биш үү.
Би хэдэн тоо хэлье. Хамгийн өндөр цалинтай нь уул уурхайн салбар. 5 сая төгрөг юм байна. Тэгвэл уул уурхайн сайд салбарынхаа дундаж цалинг авдаг болно. Үүнээс цааш явбал ХАА-н салбарын дундаж цалин 2.1 сая төгрөг гэх мэтээр улсын дундаж цалинг сар бүр, улирал бүр гаргадаг статистикууд байна.
АДМИН







Улс төр








