УИХ-ЫН ГИШҮҮН, АН-ЫН ДАРГА, АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ: Боловсролын салбарын дундаж цалин хэд байгаа талаар тодорхой, нэг мөр тоо баримт хэлдэггүй, зөрүүтэй мэдээлэл гардаг. Бараг одоо ч энэ салбарынхны бодит дундаж цалин тодорхойгүй гэж хэлж болно. Тиймээс энэ асуудлыг шийдэх нэг хувилбар бол цалингийн уялдааг бодлогын түвшинд өөрчлөх явдал юм.
Жишээлбэл, Монгол Улсын ажил эрхэлж буй иргэдийн дундаж цалин одоогоор 2.7 сая төгрөг байна. Тэгвэл УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл учраас улсынхаа дундаж иргэний дундаж цалингийн түвшинд цалинждаг байвал ямар вэ? Харин салбарын сайдууд өөрсдийн хариуцсан салбарын дундаж цалингийн хэмжээгээр цалин авдаг байвал ядаж л тэр салбарынхаа бодит нөхцөл байдлыг илүү сайн ойлгоно.
Тэгэхэд л “иргэдийн цалинг яаж нэмэгдүүлэх вэ?”, “бүтээмж, бүтцийн өөрчлөлттэй яаж уялдуулах вэ?” гэсэн асуудлууд төрийн бодлогод бодитой тусах боломжтой болно.
Жишээ нь, уул уурхайн салбарын дундаж цалин 5 сая төгрөг орчим байна. Тэгвэл уул уурхайн сайд 5 сая төгрөгийн цалин авдаг байг. Харин хөдөө аж ахуйн салбарын дундаж цалин 2.1 сая төгрөг байгаа бол тус салбарын сайдын цалин тийм хэмжээнд байх нь шударга.
Статистикийн байгууллагууд сар, улирлын дундаж цалингийн мэдээллийг тогтмол гаргадаг. Энэ жишгээр багш нарын цалин, эмч нарын цалин, эрчим хүчний салбарын ажилчдын цалин гэх мэт асуудлыг бүгдийг системтэйгээр харвал бодлого илүү бодитой болно.
Харин одоо бол нэг хэсэг хэлэлцээ хийж гал унтраагаад, дараа нь өөр салбарынхан шаардаж эхэлдэг ийм мөчлөг дахин дахин давтагдаж байна. Энэ бол асуудалд системгүй, богино хугацааны хандлагаар хандсаны үр дүн.
Үнэндээ өнөөдрийн энэ нөхцөл байдал бол бодлогогүй, хаалттай, увайгүй байдлаар улс орноо удирдаж ирсний л үр дагавар юм. Тиймээс цалингийн тогтолцоог ил тод, бодлогын түвшинд шинэчлэхгүй бол “чөтгөрийн тойрог” улам гүнзгийрнэ.
						  						  						   
										Б.АМАРТҮВШИН
											  
										
                                         	  
											  
                                            
					
						  
					
					
							
							
							
							
							
							







 
 Улс төр
													
														




