Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
“Намын дотоод сунгаа ийм түвшинд хүртэл улс төржиж байгаад харамсаж байна. Юуны өмнө иргэдээсээ уучлалт гуйж байна. Бидний хувьд баримттай, нотолгоотой зүйлээр л хүнийг ялладаг болохгүй бол огт худлаа асуудлаар улс төрийн зорилгоор хүнийг гүтгэж болохгүй” гэж тэрбээр хэллээ.
Хүүтэй нь холбоотой асуудал

“Миний хүүтэй холбоотой асуудал АТГ-т очсон, шалгасан. Үйл явдал бужигнаж байхтай зэрэгцээд АТГ-аас мэдэгдэл гаргасан бөгөөд тэр нь тус байгууллагын вэб сайтад албан ёсоор нийтлэгдсэн.
Харамсалтай нь тухайн үед наадам дөхсөн байсан учраас уг асуудалд олон нийт төдийлөн анхаараагүй.
Ер нь юу болсон гэхээр нэг цүнх, нэг бөгж авсан асуудал. Энэ хоёр зүйл ийм их улс төрийн маргаан дагуулсан.
Та бүхэн анзаарсан байх. Улс төрийн өрнөл дөхөөд ирэхээр янз бүрийн асуудал гардаг. Гэвч эргээд хөөс нь буугаад харахаар ихэнх нь худлаа байдаг.
Цүнхтэй холбоотой асуудлыг АТГ шалгаад үзэхэд орлого нь нотлогдсон. Яг ийм маягаар албан тушаалтанд хариуцлага тооцох жишиг тогтвортой болвол Монголд олон албан тушаалтан асуудалд орно.
Үнэндээ манай хүү авч өгөөгүй гэдэг нь тогтоогдсон. Харамсалтай нь өнөөдөр АТГ-аас гаргасан яг энэ дүгнэлтийг уншихгүй байгаад асуудал байна.
“Херо” компанийг бид бүгд мэднэ. Энэ компани намайг улс төрд орохоос өмнө л байсан шүү. Миний хувьд өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцдоггүй” хэмээлээ.
Намын дотоод асуудал ба Засгийн газрын бодлого
“Яах вэ дээ, улс төрийн өнгө аясаар янз бүрийн өнцөг харагддаг. МАН-ыг удирдаж, нэг зуунаас нөгөө зуун руу ялалтаар түүчээлэх манлайллыг хийх үүрэг надад ноогдсонд баяртай байгаа.
Уг нь ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх цаг хугацаа байсан. Харамсалтай нь хавраас хойш асуудал бужигналаа. Угтаа манай Засгийн газар мега төслүүдээ хөдөлгөөд, аятайхан явж байсан гэж хувьдаа боддог.
Мэдээж алдаа оноо гарсныг үгүйсгэх аргагүй. Цаашдаа дотоод асуудлаа ярилцаад эвлэлдэн нэгдэх бүрэн боломжтой.”
“Ухаа худаг” ба “Харбины гэрээ”
“Энэ бол ташаа мэдээлэл. "Ухаа худаг"-тай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж тавих гээд бэлдчихсэн байсан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдэд ном тараасан байсныг та бүхэн мэдэж байгаа.
Манай Засгийн газар огцорсны дараа би "Ухаа худаг"-ийн асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Уг асуудлыг өөр гишүүдээс тодруулаарай. Засгийн газрын хувьд эхлүүлсэн зүйлээ гүйцээх нь зүйтэй гэж үзсэн.
"Харбины гэрээ" бол хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ. Мөнгөн дүнгийн зөрүү гарч байгаа гэх нь огт худал мэдээлэл. Өнөөдөр явж байгаа бүх гэрээ урт хугацааных бөгөөд яг адил үнээр хийсэн гэрээнүүд.”
Нүүрсний үнэ ба бууруулалттай холбоотой мэдээлэл
“Манайх нүүрсээ 50 ам.доллараар бууруулсан гэх мэдээлэл бол худал. Хил дээрх үнэтэй урт хугацааны гэрээний үнийг зориуд харьцуулж гуйвуулсан.
Нууц зүйл байхгүй. "Энэ гэрээг гуравдагч талд үзүүлэхдээ бие биенээсээ зөвшөөрөл авна" гэдэг заалттай. Арван жил шийдэж чадаагүй асуудлыг монголчууд шийдсэн.
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээг үзэх бол Засгийн газар хүсэлт гаргахад л болно. Хэрэв энэ гэрээг болохгүй гэж үзвэл УИХ руу оруулаад цуцлуулж болно. Илүү сайжруулах боломж байвал түүнийг хийхэд хязгаар байхгүй.
30 жил гацсан асуудлыг урагшлуулахын тулд хамтарсан Засгийн газарт Ардчилсан намыг урьж оруулсан. Энэ нь намынхныхаа уур бухимдлыг ч хүргэсэн. Гэвч уг асуудлыг чин сэтгэлээсээ шийдье гэж ажилласан. Алдаа, оноог ард түмэн та бүхэн дүгнэнэ биз.”
АНУ-д амьдарсан гэх мэдээлэл
“Би Америк руу огт яваагүй. Энэ мэдээлэл худлаа. "Тэгсэн гэж байна", "тэгсэн биз дээ" гэх сургаар яримааргүй байна.
Манай ажлын албанаас яг хэн ийм мэдээлэл өгсөн юм бэ? Та бүхэн нэрийг нь хэлээд өг. Ийм баримт нотолгоогүй, сургаар, хоосон яриагаар хүнийг дайрч болохгүй. Би хувьдаа Америк яваагүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Явсан яваагүйг маань нотлох маш амархан шалгаад үзээрэй”
Намын эв нэгдэл
“Энэ сарын 15-нд намын Их хурал болно. Өрсөлдөөн гарвал хэн нэг нь ялна, нөгөө нь хүлээн зөвшөөрнө. Яриа хэлэлцээ, зөвшилцлийн асуудлаар ажлын хэсэг ажиллаж байгаа нь сайн хэрэг.
Цаашид учраа олоод явах бүрэн боломж бий. Гэхдээ дотоод сунгаандаа төрийн институцийг татан оролцуулж болохгүй. Ийм жишиг тогтвортой болбол бие биенээ яллах зэвсэг болгож хувирна. Ардчилсан зарчим хөндөгдөнө”
ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотой байр суурь
“Би сая Төрийн байгуулалтын байнгын хороон дээр байр сууриа илэрхийлсэн. Эрх баригчид хоорондоо талцаад анхаарал суларсан байна.
Парламентын хэд хэдэн эрхэд халдсан. Парламент ямар саналын томьёолол гаргах, цагаа яаж бүртгэх, гишүүд ямар санал өгөх нь ҮХЦ-д хамаарахгүй. Энэ бол парламентын онцгой бүрэн эрхийн асуудал.
ҮХЦ парламентын шийдвэр гарсны дараа л Үндсэн хуультай нийцсэн эсэхийг шийдэх ёстой. Шийдвэр эцэслэн гараагүй байхад маргаан үүсгэсэн нь асуудал. ҮХЦ парламентын дээр гарчих вий гэдэг болгоомжлол бий.
Том агуулгаар харахад Засгийн газрыг томилох, хариуцлага тооцох асуудал бол парламентын чадамжийн асуудал.”
16 их наядын алдагдал ба аудитын дүгнэлт
“Нягтлаад үзвэл энэ бол Монгол Улсын нийт алдагдалтай холбоотой асуудал. Намын дотоод сунгаатай холбоотойгоор гуйвуулсан. С.Наранцогтын ярьсан агуулгатай постер харсан. Би утсаар холбогдож асуухад тэр огт тэгж хэлээгүй, гуйвуулсан байсан.”
Мега төслүүдийн хэрэгжилт
“Засгийн газар болгон бодлогоо тодорхойлж байгаад ажилладаг. Дүгнэлт гаргах болоогүй байна. Миний ажиллаж байх хугацаанд эдийн засаг 43 их наядаас 90 орчим их наяд төгрөгт хүрч тэлсэн нь мега төслүүдийн ач холбогдол.
Цаашид томоохон төслүүдээ явуулж байж л бид бусад асуудлаа шийдэж чадна. Юмыг үгүйсгэх амархан, харин хийж бүтээх хэцүү. Шүүмжлэл ирэхийг ойлгож байгаа.
Гэхдээ намын дотоод сунгаа, шинэ Засгийн газар бүрдэж байхад байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй гэж үзсэн. 100 хоногийг нь хүндэтгэлтэйгээр харна. Намынхаа Их хурлаар намын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд, дараа нь УИХ-ын гишүүний хувиар дуу хоолойгоо илэрхийлэн ажиллана.”
Д.Амарбаясгалангийн тухай мэдээлэл
“Наадах чинь бас л гүтгэлэг. Би юу боллоо гэж Д.Амарбаясгалангийн талаар мэдээлэл бэлдээд, захиалаад суух юм бэ. Сүүлийн үед би нэг л зүйлийг бодож байгаа.
Ер нь яах гэж гал барьж, олон хүнийг гомдоож, ийм олон ажил хийв дээ гэж. Нийтийн эрх ашгийн төлөө гал аваад том сэдэв рүү орох хэцүү юм байна.
Цаашдаа залуучууд гарч ирээд мохчих вий гэж санаа зовж байна. Манайхны нэг зан байдаг ажил хийж байгаад буусан хүнээ сайн зодоод, түүнээсээ кайф авдаг. Тийм зүйл их байна.
Цаашид дараагийн Ерөнхий сайдууд гарч ирнэ. Тэднийг ч бас харлуулах, гүтгэх байдал давтагдах вий гэж болгоомжилж байна.
Өөр нэг зүйл бол, хэрэв манай нам арван суудлаар дутуу авсан бол Ардчилсан намтай хамтраад, хамтарсан засгаа явуулах байсан. Харин арваар илүү суудал авангуутаа АН-ыг хөөж гаргаад, өөрсдөө орж болох юм байна гэсэн улс төрийн орчин бүрдсэн. Энэ бол манай намын сул тал”
Б.АМАРТҮВШИН








Улс төр








