Парламентад анх удаа сонгогдсон МАН-ын гишүүд эв нэгдлээ ханган ажиллахаа илэрхийлэн мэдэгдэл хийлээ.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: МАН хоёр хуваагджээ гэх ойлголт нийгэмд бий болсон байна. Залуу гишүүд бид МАН-ын бүлгийн гишүүддээ уриалж байна. Хагарал хуваагдлыг энэ хүргээд цэг тавих ёстой, маргааш МАН-ын 2250 төлөөлөгч оролцсон Их хурал болох гэж байна. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн намын анхан шатны үүрийн нэгжийн дарга нар, намын идэвхтэн дэмжигч нар, улс төрч бүхий гишүүд маань цугларч МАН-ын даргыг сонгох гэж байна. МАН бол ард түмнээс итгэл авч, засаглах эрхийг авсан нам. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ёстой, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой. Иймээс энэ хагарал өнөөдрөөр цэг тавигдах ёстой гэж гишүүд үзэж байгаа. Хагарал талцалд хоёр талд гараад явж байсан 5,5 гишүүн цуглаад зогсож байна. Бид хувь хүний болон, улс төрийн өнцөг байхгүй, зарчим дээрээ 2 талд гарч явсан. Өнөөдрөөс хагарал хуваагдлыг байхгүй байх ёстой гэж үзээд мэдэгдэл, бүлгийн гишүүддээ уриалга гаргаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Өнгөрсөн жил 6 сард МАН ард түмэнд маш том амлалтуудыг өгч, ялалт байгуулсан. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад энэ амлалтдаа хүрэхэд туйлын хүнд болж байна. Тиймээс анх удаа сонгогдсон 12 гишүүн уулзаад, МАН-ын амлалтыг биелүүлэхийн тулд гарцаагүй нэгдэж, эвлэж явахгүй бол их хурал дахь хууль батлагдахгүй, Засгийн газар тогтворгүй, улс орны эдийн засаг улам хүндэрнэ гэж үзсэн учир нэгдэж МАН-ын бүлгийг цаашдаа нэг хүн шиг, нэг зорилготой, нэг мөрийн хөтөлбөртэй явах нь зүйтэй гэж эвлэлдэн нэгдсэн. Анх удаа сонгогдсон гишүүд элдэв амбиц алга, албан тушаалын айхтар том амбиц байхгүй. Бидэнд ганцхан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ард түмэндээ амласан амлалтдаа хүрье гэсэн зорилго байгаа. Ирээдүйд МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллах хүн бүлгийн эв нэгдлийг хангаж ажиллахын төлөө олон зөвшилцлийн алхмуудыг хийх байх гэж найдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа: Бид өөрсдийн гэсэн үнэт зүйлтэй, итгэл үнэмшилтэй. Хангалттай улс төржлөө, хангалттай хоёр талд гэж яригдлаа, бид ажлаа хиймээр байна, улс орныхоо хөгжил дэвшлийг хамтарч зохицуулмаар байна. Жишээлбэл эрүүл мэндийн даатгал, эмч, эмнэлгийн ажилчдын цалингийн асуудал, боловсролын асуудал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал, тэтгэврийн настнуудын асуудал гээд бид нарын өмнө том асуудлууд олон байгааг хамтраад хүчээ нэгтгээд хурдан ажиллах зайлшгүй шаардлага тулгараад байна. МАН-ын хурал ойртоод ирлээ, хуучнаар бол миний эмээ, өвөө, ээж, аавын үед МАН гээд нэг л нам байсан. Иргэд төлөөлөгчид, намын гишүүд бид бүгдийг нүдээ бүлтийлгээд хараад сууж байгаа. Ажлаа хийх, намын хуваагдал юу болж байна, улс төрийн зовлон болох нь уу, болохгүй юу, ямар шийдэл гаргаж чадах нь уу эдгээр хүмүүсийн итгэл үнэмшлийн өмнө бид зогсох, хариуцлагаа ухамсарлах ёстой, ажлаа маш яаралтай хурдан идэвхтэй, үр дүнтэй хийх ёстой тул эв нэгдэл маш чухал гэдгийг гүнээ ухамсарлаж байна.
УИХ-ын М.Мандхай: Их хуралд оролцох 2250 гишүүний 50 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа. Шинээр орсон гишүүд маань эв нэгдлийг хангаж, үндсэн ард түмнийхээ аж амьдрал, шаардлагатай хууль тогтоомжийг яаралтай хэрэгжүүлж, боловсруулж хамтын хүчээр улс орныхоо хөгжилд анхаарах ёстой юм байна. Тиймээс хагарал байж болохгүй гэдгийг бид эсэргүүцэж байгаа. Цаашдаа бид манлайлал болоод улс орны ажил хэрэг хэвийн тогтвортой явагдана гэдгийг уриалж, санаачилж байна.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: МАН бол 300 гаруй гишүүдтэй, 100 гаруй жилийн түүхтэй, ард түмний нам. Бид ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орны эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлж, айл гэрт бодит орлого, өрхөд амьдралын чанарыг авчирна гэж амлалт өгч 2024 орны УИХ-ын сонгуульд олонх болж ялалт байгуулсан намын гишүүд. Энэ удаагийн улс төрийн нөхцөл байдлаас үүссэн үл ойлголцол, намын гишүүдийн үзэл бодлын хагарал энэ хүрээд дуусаж байна гэдгийг залуу гишүүд нэгдэж илэрхийлж байгаадаа таатай байна. Энэ бол нэг талдаа бидэнд боломжийг бий болгож байгаа гэж харж байгаа. МАН саналын, зарчмын, үзэл бодлын зөрүүтэй байсан цаг хугацаа дээр хөгжлийг илүү их анхаарах асуудлуудаа, цаашид юу хийж хэрэгжүүлж эв нэгдлээ хангаж, улс орны эдийн засгийн төлөө хамтдаа гар бие нийлж хүчин зүтгэх ёстой юм бэ гэх үнэт зүйл дээрээ нэгдэж чадлаа.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: МАН түүхэн 104 жилийн хугацаанд 31 дэх Их хурлаа хийх гэж байна. Хамгийн их төлөөлөл оролцож байгаа, 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 204 хорооноос 2255 төлөөлөл оролцож МАН-ын ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөр болон намын дүрэмд шинэчлэлт өөрчлөлт оруулах гол зүйлүүдийг хэлэлцэн батална. Өнгөрсөн хугацаанд үзэл бодлын зөрүүнээс болж 2 хуваагдаж улс төрийн ээдрээтэй байдал үүсэж байсан. Гэхдээ намын анхан болон дунд шатанд хагарал хуваагдал явагдаагүй гэдгийг бид хариуцлагатайгаар хэлэх нь зүйтэй байх. Энэ цаг мөчөөс хойш МАН хагарсан бутарсан зүйл байхгүй, гагцхүү сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх, нийгмийн суурь өөрчлөлтүүдийг хийх, татвар дээр реформ хийх маш том ажлууд хүлээгдэж байгаа ажлаа яаралтай зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ажил руугаа ханцуй шамлан орж байна.
Т.УНДРАХБАЯР








Улс төр







