УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү төслийг АН-аас санаачилсан бөгөөд гол өөрчлөлт нь намын дарга УИХ-ын даргаар ажиллахыг хориглох зохицуулалт юм.
АН-ын бүлгийн тайлбарласнаар, ийм өөрчлөлтийг УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулснаар шийдэх боломжтой учраас Үндсэн хуулийн ямар нэг маргаан үүсэхгүй гэж үзэж байна. Тэдний хэлж буйгаар, парламентын засаглалтай улс орнуудад УИХ-ын дарга буюу спикер намын харьяаллаас ангид байх олон улсын нийтлэг жишиг бий. Тиймээс Монгол Улс ч энэ зарчмыг баримтлах ёстой гэж АН-ынхан онцолж байна.
АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийлэв.
“Зөвхөн намын дарга байхыг хориглоод зогсохгүй, УИХ-ын дарга улс төрийн аливаа намын гишүүнээсээ түдгэлздэг байх ёстой. Өөрөөр хэлбэл нам бус байр сууринаас УИХ-ыг удирдах шаардлагатай.”
Сүүлийн хоёр сарын турш улс төрийн томоохон маргаан, үйл явдлын төвд УИХ татагдан орсон. Ялангуяа УИХ-ын дарга намын даргын сунгаанд өрсөлдсөнөөс улбаатай төрийн ажил саатсан нь АН-ынхны хэлснээр “засгийн ажил гацаасан буруу жишиг” болжээ. Тиймээс энэ байдлыг таслан зогсоохын тулд дээрх хуулийн төслийг боловсруулсан гэдгээ тэд онцоллоо.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
“Парламентын засаглалтай оронд парламентын дарга нь олонх, цөөнх хоёрын дунд төв, тэнцвэртэй байр сууринаас парламентын үйл ажиллагааг удирдах ёстой. Ийм байхын тулд тэр хүн намын харьяаллаас түдгэлзсэн, давхар ажил алба хашдаггүй байх шаардлагатай. Намын дарга УИХ-ын дарга болбол парламент тэр намын хурал болон хувирна.”
АН-ынхны үзэж буйгаар, хэрэв уг хуулийн төсөл батлагдвал УИХ-ын даргын эрх мэдэл хумигдаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын адил “Их тэнгэр”-ийн аманд хамт амьдрах эрх ч байхгүй болно. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргын байр суурийг намын нөлөөллөөс ангид, илүү тэнцвэржүүлсэн институц болгох зорилготой аж.
Хууль батлагдвал УИХ-ын дарга зөвхөн парламентын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах, аль нэг улс төрийн хүчний талд илт давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг хуульчлан баталгаажуулах гэж АН үзэж байна.
Б.АМАРТҮВШИН








Улс төр








