Нийслэлийн өмчийн маргааны хүрээнд “Өргөө” зочид буудалтай холбоотой асуудал дахин олны анхаарлын төвд орсон. Төрийн өмч болох уг зочид буудлыг зохих үнэлгээгүйгээр авсан эзэн нь Н.Энхбаяр юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Би хотын дарга руу “Өргөөгийн асуудлыг зогсоо” гэж мессеж бичсэн. Х.Нямбаатар дарга “ойлголоо” гэж хариу өгсөн. Ойлгосон байх…” хэмээсэн.
Үүний хариу болгож, Хотын дарга Х.Нямбаатар “Хууль журам үйлчилдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлдэггүй нэг хүн, нэг гэр бүл манай улсад байна. Гурван шатны шүүхийн шийдвэртэй асуудлыг хоёр хүн утсаар яриад, нэг нь чи наадхаа зогсоо гээд нөгөөх нь ойлголоо гээд шүүхийн шийдвэр хүчингүй болчихно гэж байхгүй. Аав хүү хоёр гарч ирээд хуулийг уландаа гишгэдэг байж болохгүй.
Н.Энхбаяр гуай тэр асуудлыг зогсоо гэхээр шүүхийн шийдвэр хүчингүй болчихдог юм бол энэ улсад хууль шүүх гэж байгаад яах юм. Харбины гэрээний дэргэд Өргөө зочид буудал бол юу ч биш гэж хэлсэн байсан. Том жижиг хулгай гэж байхгүй. Нийслэл алдагдсан өмчөө буцааж авна” гэсэн юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Өргөө зочид буудлын талаар “Өргөө зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээний хажууд ялаа байхгүй юу. Хувьчилж аваагүй, хөрөнгө оруулалтын зарчмаар авсан. Их үнэ цэнтэй объект ч биш” гэж мэдэгдсэн байдаг.
Нийслэлийн ЗДТГ алдагдсан өмчөө эргүүлэн авах ажлыг шат дараатай эхлүүлсэн бөгөөд “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч өнөөг хүртэл биелээгүй хэвээр байсан.
2024 оны хоёрдугаар сард нийслэлээс ШШГЕГ-т гүйцэтгэх баримтуудыг хүргүүлж, компанийг татан буулгах ажиллагааг эхлүүлээд байсан ч өмчлөгч тал шаардлагыг биелүүлэхгүй хугацаа алдаж иржээ.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэр холбогддог томоохон маргааны нэг бол 2012 онд олон нийтэд ил болсон ТВ9 телевизийн гарал үүслийн хэрэг.
2000 онд Японы Киото хот дахь буддын шашны байгууллага Монголын бурхны шашны төв Гандантэгчинлэн хийдэд 43 төрлийн, 11 ангиллын телевизийн тоног төхөөрөмж хандивласан байдаг. Энэ нь бурхны шашны нэвтрүүлэг, сүсэгтэн олны мэдлэгийн хэрэгцээнд зориулагдсан төсөл байсан.
Гэвч хэвлэлийн мэдээллээр Н.Энхбаяр тухайн тоног төхөөрөмжийг Гандан хийдэд хүлээлгэн өгөх ёстой атал хувийн мэдэлдээ завшиж, түүн дээрээ тулгуурлан ТВ9 телевизийг байгуулсан гэж ил тод баримтууд хэвлэлүүдээр гарч байв.
Ийнхүү анх шашны үйл хэрэгт зориулагдсан тоног төхөөрөмж улс төрчийн хувийн телевиз болж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл улс төрийн зэвсэг болсон, редакцын хараат бус байдал алдагдсан гэх шүүмжлэл гарч байсан юм.
Б.АМАРТҮВШИН







Улс төр








