Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Тус хуралдаанаар Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Ардчилсан намын хөтөлбөр, үндсэн дүрмийн зарим заалтыг хуульд нийцүүлсэн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ.
Тодруулбал, Ардчилсан намын Их хурал наймдугаар сарын 31-ний өдөр намын хөтөлбөр болон Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан. Намын батлагдсан хөтөлбөр, дүрмийг бүртгүүлэхээр 384 хуудас материалыг есдүгээр сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн.
Гэвч дүрмийн шинэчилсэн найруулгыг аравдугаар сарын 17-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд дүрмийн нийт 1339 заалтаас 12 заалтыг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзжээ. Тиймээс энэ нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн 0.9 хувьтай тэнцэх тул холбогдох өөрчлөлтийг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжтой болсон.
Ташрамд дурдахад, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өнгөрөгч онд өөрчлөлт оруулснаар намууд он дуусахаас өмнө буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ны дотор намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улсын дээд шүүхэд хүргүүлэх үүрэг хүлээсэн юм.
АДМИН







Улс төр








