Dark Light
Улс төр | 2025-12-09

С.ЭРДЭНЭБАТ: ЭРДЭМТЭН СУДЛААЧДАА ГАДАГШ АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Image

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат шинжлэх ухаан болон их, дээд сургуулиуд өнөөгийн хууль, журамд хэт хүлэгдэн хөгжлийн боломжоо алдаж буйг онцолж, салбарын байгууллагуудыг бие даан орлого олох, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хөгжих эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх шаардлагатай гэв.

Тэрээр, “Шинжлэх ухаан болон их, дээд сургуулиуд олон хууль, журамд баригдаж, төрийн өмчийн нэрийн дор хөгжлийн боломж нь хаагдсан байна. Эрдэмтэн, профессорууд маань асар их потенциалтай хэр нь боломжгүй орчинд ажиллаж байгааг нуух аргагүй.

Тендер, гүйцэтгэлийн баталгаа гаргах шаардлага тулгардаг ч төрийн өмчийг барьцаалах боломжгүй гэх хууль тэднийг чагталж байна. Манай ШУ-ны байгууллагууд, их дээд сургуулиудад зөвхөн төсвийн санхүүжилт өгөөд хөгжүүлнэ гэвэл хангалтгүй. Харин өөрсдийн чадамж, давуу талдаа тулгуурлан бие даан орлого олох боломжийг нь эрх зүйн хувьд нээх хэрэгтэй.

Дэлхийн шилдэг их дээд сургуулиуд яг ийм зарчмаар хөгжсөн байдаг. Одоо бид чадвартай эрдэмтэд, судлаачдаа гадагш алддаг эрсдэлтэй байна. Ирэх жил “Боловсролын жил” болж байгаатай холбогдуулан салбарын бие даасан хөгжлийг дэмжих, боломжийг нээх хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж үзэж байна. Даатгал, хөнгөлөлт, дэмжлэгийн тогтолцоог нэг мөр болгон зохицуулах нь зүйтэй. Хувийн хэвшил, ТББ, эрдэм шинжилгээний байгууллагууд харьцангуй чөлөөтэй ажиллаж болж байна. Харин төрийн өмчит сургуулиуд хууль, хязгаарлалтад хавчигдан олон боломжоо алдаж байгаа нь бодит асуудал. Цалин хөлс нэмэх шаардлага бий ч оюутны төлбөрийг нэмэгдүүлэхийг хориглодог нь тодорхой зөрчил үүсгэдэг. Тиймээс ШУ болон их дээд сургуулиуд өөрсдөө орлого олж, цааш хөгжих боломжийг олгох хуулийн зохицуулалт туйлын чухал. Үзэл баримтлалын хувьд би уг хуулийг дэмжиж байна. Харин үг, үсгийн түвшинд тодорхой сайжруулалт хийгээд явбал зохистой” хэмээн хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22