Улсын төсөв, хөгжлийн төлөвлөгөөнд тусгах хөрөнгө оруулалтыг хуульд нийцүүлэн, эдийн засгийн нөхцөл байдал болон бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулж эрэмбэлэн шийдвэрлэх шаардлагатайг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн онцолж, үр өгөөжтэй, онцгой ач холбогдолтой төслүүдийг нэн тэргүүнд дэмжих зохицуулалтыг тогтоолд тусгасан гэв.
Тэрээр, “Өнгөрсөн долоо хоногт бид үндсэн чиглэлийг батлахдаа холбогдох хуульд нийцүүлэн, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой, ТЭЗҮ нь хийгдсэн төслүүдийг дэмжиж, харин хуулийн шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын саналуудыг хассан. Цаашид үндсэн чиглэлийг илүү уян хатан болгох үүднээс Засгийн газар шаардлагатай тохиолдолд дүн шинжилгээ хийж, эрэмбэ дарааллаа зөв тогтоосон төслүүдийг тухай бүр шийдвэрлэж байх зохицуулалтыг тавдугаар заалтад тусгасан. Мөн үндсэн чиглэлийн хүрээнд хөрөнгө оруулалтын хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэдэг байхаар шинэчилсэн. Хөрөнгө оруулалтыг хийхдээ заавал эрэмбэ дараатай, тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан, бодлогын тэргүүлэх чиглэлүүдэд нийцүүлэн сонгож оруулж ирэх ёстой гэсэн зарчмыг бид баримталсан. Үүнийг тогтоолд тодорхой тусгаж, зөвхөн таван жилийн төлөвлөгөөнд бус жил бүрийн улсын төсөв, хөгжлийн жилийн төлөвлөгөөнд ч мөрдөх зохицуулалт болгон оруулсан. Энэ нь нэг талаасаа бодит шаардлага, нийгэм, эдийн засгийн ач холбогдлын эрэмбээр асуудалд хандах, нөгөө талаасаа нөхцөл байдлаа үнэлж бодитоор шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж байна. Улсад үр өгөөжтэй, онцгой ач холбогдолтой төслүүдийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагыг бид тогтоолдоо тусгасан” гэв.








Улс төр





