Dark Light
Улс төр | 2026-06-26

ICAPP-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 45 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Ардын нам Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (АУТНОУБХ) буюу International Conference of Asian Political Parties (ICAPP)-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдааны нээлт өнөөдөр /2026.06.26/ Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд боллоо.
Хуралдааныг нээж Монгол Ардын намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар үг хэллээ.
Тэрбээр “Монгол Улс бол Зүүн хойд Азийн бүс нутагт ардчилал, энх тайван, харилцан ойлголцлын үнэт зүйлсийг эрхэмлэн хөгжүүлж ирсэн гишүүн орны нэг билээ. Бид бүс нутгийн улс төрийн намуудын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн ICAPP байгууллагын үйл ажиллагааг өндрөөр үнэлж, гишүүнээр элсэж идэвхтэй дэмжин ажилласаар ирсэн.
Энэ удаагийн “Дижитал эрин үе дэх Азийн трансформаци: Хиймэл оюуны сорилт” сэдэв нь зөвхөн технологийн тухай асуудал биш юм. Улс төрийн намууд уламжлалт удирдлагын загвараас өгөгдөлд суурилсан, гишүүн төвтэй, дижитал оролцоог дэмжсэн шинэ тогтолцоо руу шилжих шаардлагатай болж байна. Монгол Улс цахим шилжилтийн хүрээнд томоохон ахиц дэвшил гаргаж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор E-Mongolia платформыг амжилттай хэрэгжүүлж байна. Үүний нэгэн адил Монгол Ардын нам ч байгууллагынхаа шинэчлэл, хөгжлийг дижитал шилжилттэй уялдуулан хэрэгжүүлж эхэлсэн.
Мөн намын үйл ажиллагааны дижитал шилжилтийн дараагийн үе шат болох Enam 3.0 платформыг нэвтрүүлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 суманд “Ардын нам-Ард түмэндээ” аяныг өрнүүлж, гишүүн бүрийг дижитал шилжилтийн үйл явцад идэвхтэй оролцуулах, шинэ системийн хэрэглээг бодит оролцоо болгон төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Иймд өнөөдрийн хуралдаан улс төрийн намууд технологийн эрин үед хэрхэн шинэчлэгдэх, хиймэл оюун ухааныг хариуцлагатай ашиглах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар бодитой санал санаачилга дэвшүүлэх чухал индэр болно гэдэгт итгэлтэй байна” гэж онцоллоо.
Харин (АУТНОУБХ) (ICAPP)-ийн Ерөнхийлөгч Чун И Ён улс төрийн намуудыг тив дэлхийн түвшинд эв нэгдэлтэйгээр хамтран ажиллах боломжоор хангасан Монгол Ардын намын удирдлагууд болон Гадаад харилцааны яаманд талархсанаа илэрхийлээд алсын хараагаа тодорхойлж, өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-д айлчлах үеэрээ энэхүү хурлыг Улаанбаатар хотод хийх санаачилгыг гаргасан Монгол Ардын намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар даргад тусгайлан баяр хүргэлээ.
Түүнчлэн энэ удаагийн сонгон ярилцаж буй “Дижитал эрин үе дэх Азийн трансформаци: Хиймэл оюуны сорилт” сэдэв ач холбогдлын хувьд чухал байгааг онцлов.
Монгол Улсад зохиогдож буй энэ хурал нь өөрчлөгдөж буй дэлхий ертөнц цаашид юун дээр анхаарах вэ гэдгийг тодорхойлж өгч чадна гэдэгт итгэлтэй байна, түүнчлэн хурлын зохион байгуулалт илүү шинэлэг арга хэлбэрээр болж, улс төрийн намуудын нөхөрсөг хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мөн хэллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16