Dark Light
Улс төр | 2026-06-30

ЧУУЛГАН: СЕХ-НЫ ГИШҮҮН ТОМИЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хүрээнд өнөөдөр /2026.06.30/ ажлын хэсэг, дэд хороо, байнгын хороодын хуралдаан, нэр дэвшигчдийн сонсгол болон чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Өдрийн эхний хагаст Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг Малчны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах асуудлыг хэлэлцэнэ. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдах юм.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон холбогдох тогтоолын төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлгээр авч үзнэ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэх бол Хууль зүйн байнгын хороо хуралдана. Мөн энэ хоёр байнгын хороо хамтарсан хуралдаанаар Монгол Улсын олон улсын гэрээний биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонсохоор товложээ.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна боловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн баталгаа, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн асуудлаар мэдээлэл сонсоно.

Мөн өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол, Төрийн байгуулалтын байнгын хорооноос Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг тус тус зохион байгуулах юм.

Харин 14:00 цагаас эхлэх чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16