Dark Light
Улс төр | 2026-09-01

АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР "GLOBE" СҮЛЖЭЭТЭЙ ЖИШИГ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын (АТГ) дарга, тэргүүн комиссар Зандраагийн Дашдаваагаар ахлуулсан төлөөлөгчид 2026 оны 8 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд Австри улсын Вена хотноо зохион байгуулагдсан Авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын дэлхийн үйл ажиллагааны сүлжээний (GlobE Network) нэгдсэн долдугаар хуралдаанд оролцов.

Тус нэгдсэн хуралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс авлигын эсрэг болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгчид цугларч, сүлжээний цаашдын хөгжил, авлигын гэмт хэрэг, ялангуяа хил дамнасан авлигын хэрэгтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар "GlobE" сүлжээний үйл ажиллагаанд шинэчлэл хийх, жилийн тайланг хянан баталж батлах, шинээр нэр дэвшсэн байгууллагуудын ажиглагчийн статусыг баталгаажуулах зэрэг гол асуудлуудыг хөндөв. Мөн оролцогчдод "GlobE" сүлжээний Шинжээчдийн хүрээлэнгийн концепци болон “GlobE Лавлах”, үндэстэн дамнасан авлигын хэргүүд дэх албан бус хамтын ажиллагааны практик гарын авлагын хоёр дахь хэвлэлийг танилцууллаа.

Хуралдааны хүрээнд "GlobE" сүлжээний гишүүд өөрсдийн хууль сахиулах байгууллагуудын хооронд шууд мэдээлэл солилцох механизмыг бэхжүүлэхээр тохиролцсон байна. Үүнтэй холбогдуулан АТГ-ын дарга Зандраагийн Дашдаваа "GlobE" сүлжээний гишүүн орнуудын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх жишиг хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээр нь авлигын гэмт хэрэг, ялангуяа үндэстэн дамнасан хэргүүдтэй холбоотой мэдээллийг хурдан, шуурхай, шууд бөгөөд аюулгүй харилцан солилцоход дэмжлэг үзүүлэхээс гадна оролцогч байгууллагуудыг мөрдөн шалгах болон бусад хууль сахиулах ажиллагаанд харилцан туслалцаа үзүүлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Мөн Монголын төлөөлөгчид Их Британи улсад төвтэй Олон улсын авлигын эсрэг зохицуулалтын төвийн дарга Даниэль Мёрфи болон бусад албаны хүмүүстэй хоёр талын уулзалт хийлээ. Талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын болон хил дамнасан авлигатай тэмцэхэд үйл ажиллагаагаа уялдуулан бэхжүүлэх талаар санал солилцсон байна.

“GlobE Network” нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 48 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр улс орнуудын хууль сахиулах байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны ивээл дор 2021 онд байгуулагдсан олон улсын сүлжээ байгууллага юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар “GlobE Network”-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын хууль сахиулах байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцох, мөрдөн шалгах ажиллагааны арга туршлагаас суралцах, үндэстэн дамнасан авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлэн ажиллаж байна.


 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00