Dark Light
Улс төр | 2026-09-25

МОНГОЛЧУУД УЛС ТӨРӨӨС БОЛЖ ТАЛЦДАГГҮЙГ ОЛОН УЛСЫН ИНДЕКС БАТАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улс дэлхийн хамгийн амгалан орнуудын нэгээр тодорсоныг V-Dem Institute зарлаж байна.

Шведийн Гётеборгийн их сургуулийн дэргэдэх V-Dem Institute (Varieties of Democracy) судалгааны байгууллагаас жил бүр боловсруулан гаргадаг ардчиллын мэдээллийн санд үндэслэн Our World in Data платформ дэлхийн улс орнуудын Political Polarization Score буюу Улс төрийн туйлшралын индексийг шинэчлэн танилцууллаа. Дэлхийн 3,500 гаруй экспертүүдийн үнэлгээ, судалгаанд тулгуурлан гаргадаг энэхүү индекс нь тухайн улсын иргэд үзэл бодлоороо хэр их хуваагдаж, улс төрөөс болж хоорондоо хэр зэрэг дайсагнаж байгааг хэмждэг үзүүлэлт юм.

Уг чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Мьянмар улс дэлхийн хамгийн их улс төрийн талцалтай, нийгэм нь үзэл бодлоороо гүн хуваагдсан орноор тодорсон байна. Мьянмарын араас Турк, Польш, Бразил зэрэг орнууд жагсаж байгаа бөгөөд эдгээр улсуудад улс төрийн намууд болон үзэл суртлын ялгаа нь иргэдийн өдөр тутмын амьдрал, нийгмийн харилцаанд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг болохыг судалгаа харууллаа.

Ази тивийн хэмжээнд авч үзвэл улс төрийн хуваагдал эрс тэс ялгаатай дүр зурагтай байна. Жишээлбэл жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн Мьянмар улсаас гадна Малайз 12 дугаарт, Тайланд 36 дугаарт эрэмбэлэгдсэн нь Зүүн Өмнөд Азийн зарим орнуудад засаглалын хямрал болон үндэстэн дамнасан улс төржилт өндөр байгааг илтгэж байна. Мөн зүүн Азийн өндөр хөгжилтэй Өмнөд Солонгос улс 40 дүгээрт бичигдсэн нь тус улсын дотоод улс төрийн консерватив болон либерал хүчнүүдийн тэмцэл иргэдийн дунд ч нэлээдгүй гүн хуваагдал үүсгэдгийг баталж байгаа юм. Үүний зэрэгцээ өмнөд Азийн хамгийн том ардчилал гэгддэг Энэтхэг улс 23 дугаарт, Пакистан улс 60 дугаарт жагссан нь бүс нутгийн хэмжээнд улс төрийн маргаан хурц хэвээр байгааг харууллаа. Харин Зүүн Өмнөд Азийн хурдацтай хөгжиж буй Вьетнам 78 дугаарт, Филиппин 81 дүгээр байранд орсон бол дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улс 99 дүгээрт бичигджээ.

Түүнчлэн Азийн эдийн засгийн гол төвүүд болох Казахстан 116 дугаарт, Сингапур 117 дугаар байранд орсон нь тэдгээр орнуудын нийгмийн тогтвортой байдал харьцангуй өндөр байгаагийн илрэл юм. Тэгвэл Ази тивийн хамгийн тогтвортой бөгөөд амгалан хэсэгт Япон улс 161 дүгээрт бичигдсэн байна. Харин манай улсын хувьд жагсаалтын хойгуур буюу 137 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд энэ нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад улс төрийн шалтгаант талцал, туйлшрал хамгийн багатай, иргэдийн нийгмийн харилцаанд үзэл бодлын зөрүү гүн ангал үүсгээгүй тайван орны тоонд багтаж байгаа хэрэг юм.

Сүүлийн үеийн ардчиллын чансааны тайлангуудад ч Монгол Улсыг сонгуулийн өрсөлдөөн хэвийн хадгалагдаж буй, олон ургальч үзэл бодлыг шийдвэр гаргах түвшиндээ илүү нээлттэй тусгадаг болсон гэж онцолжээ. Иргэд нь улс төрөөс болж хоорондоо дайсагнадаггүй, үзэл бодлын зөрүүгээс болж нийгэм нь гүн талцдаггүй энэхүү тайван байдал нь манай улсын хувьд хөгжлийн болон тогтвортой байдлын нэгэн чухал давуу тал болж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19