Dark Light
Улс төр | 2026-09-25

ТРАМП, ШИ ЖИНЬПИН НАР ВАШИНГТОН ДАХЬ УУЛЗАЛТААРАА ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭВ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | [Getty]

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нарын Вашингтон хотноо хийсэн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг уулзалтаас дараах гол үр дүнгүүдийг онцлон мэдээлж байна.

Нэгдүгээрт худалдааны дайныг түр зогсоох хэлэлцээрийн хугацааг сунгалаа. Хоёр улсын Төрийн сангийн албаны хүмүүсийн мэдээлснээр ирэх 11 дүгээр сард дуусгавар болох байсан тарифын түр зогсолтыг хоёр сарын хугацаагаар буюу 2027 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан байна. Энэхүү шийдвэр нь талуудад эдийн засгийн маргаантай асуудлуудаа нарийвчлан хэлэлцэх хугацаа олгож байгаа бөгөөд Шэньжэнь болон Майами хотноо болох дараагийн олон талт уулзалтуудаар үндсэн тохиролцоонд хүрэхээр төлөвлөжээ. АНУ-ын талын мэдээллээр БНХАУ өмнөх гэрээний дагуу 25 сая тонн шар буурцаг худалдан авах үүргээ биелүүлж байгаа боловч бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний амлалтаас 17 тэрбум ам.долларын худалдан авалт дутуу байгааг АНУ-ын Сангийн сайдад нэр дэвшигч Скотт Бессент тэмдэглэсэн байна. Түүнчлэн газрын ховор элементийн нийлүүлэлт дутуу байгаа нь талуудын дунд томоохон зөрүү байсаар байгааг илтгэж байна.

Хоёрдугаарт БНХАУ-ын тал Тайванийн асуудлаар АНУ-аас хянуур хандахыг шаардлаа. Урьдчилан таамаглаж байсанчлан Ши Жиньпин Трампад Тайванийн асуудлаар шахалт үзүүлж, БНХАУ-ын албан ёсны Синьхуа агентлагийн мэдээлснээр АНУ-ын тал Тайванийн асуудалд хянуур хандаж, хоёр улсын стратегийн хамтын ажиллагаа болон Хятад, Америкийн харилцааг хөгжүүлэх бат бөх суурийг тавина гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тус агентлагийн англи хэл дээрх албаны мэдээлснээр Ши Жиньпин АНУ-ыг Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэхийг шаардсан байна. Энэ нь Вашингтоны урт хугацааны албан ёсны байр суурь болох тусгаар тогтнолыг дэмжихгүй гэдэг хэллэгтэй харьцуулахад илүү хатуу шаардлага болжээ. Трампын засаг захиргаа албан ёсны хэллэгээ өөрчлөхөөр төлөвлөж байгаа шинж тэмдэг одоогоор байхгүй байна. Цагаан ордноос уг яриа хэлэлцээний талаар нэн даруй албан ёсны мэдээлэл хийгээгүй боловч АНУ-ын албаны хүмүүс Тайванийн тусгаар тогтнолыг шууд эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхээс эртнээс зайлсхийсээр ирсэн юм. Найруулгын хувьд ямар нэгэн өөрчлөлт орох нь Вашингтон тус арлыг хамгаалах шийдвэр зоригтоо эргэлзэж буй асуултыг үүсгэж, Конгрессын эсэргүүцлийг дагуулах эрсдэлтэй байна. Вашингтон нь Тайванийн олон улсын хамгийн чухал дэмжигч бөгөөд АНУ-ын хуулиар тус арлыг өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангах үүрэг хүлээсэн байдаг. Гэвч Трамп өнгөрсөн тавдугаар сард Ши Жиньпинтэй хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа дараа Тайваньд 14 тэрбум ам.доллар хүртэлх үнэ бүхий зэвсэг нийлүүлэх багцыг хэлэлцээрийн хөзөр гэж тодорхойлж, уг амлалтад эргэлзээ төрүүлж байсан юм.

Гуравдугаарт цэргийн мөргөлдөөний стратегийн эрсдэлээс сэргийлэх сэдвийг хөндлөө. Ши Жиньпин Трамптай уулзах үедээ анх удаа биш ч гэлээ шинээр мандаж буй гүрэн болон тогтсон гүрэн хоорондоо дайтах хандлагатай байдаг Тукидидын урхи (Thucydides Trap) хэмээх академик онолыг дахин дурдлаа. Хятадын удирдагч уг эрсдэлийг даван туулах боломжтой гэж мэдэгдсэн хэдий ч түүний энэхүү эшлэл нь АНУ, БНХАУ-ын цэргийн болзошгүй мөргөлдөөний талаарх болгоомжлол дэлхийн хамгийн том хоёр гүрний харилцаанд сүүдэр тусгасаар байгааг илтгэж байна. Ши Жиньпин хоёр улс хамтран ажиллавал хожиж, сөргөлдвөл хохирол амсана гэж үзээд байнгын цэргийн яриа хэлэлцээ хийх, хямралаас урьдчилан сэргийлэх механизмыг бэхжүүлэхийг уриаллаа. Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр орны хамтын ажиллагааны түүхэн туршлага, тэр дундаа Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эсрэг холбоотон байсныг дурдаж нийтлэг ашиг сонирхлын төлөө ажиллах боломжтойг онцолсон байна.

Дөрөвдүгээрт уулзалтад албан ёсны бодлогын хэлэлцээ гэхээс илүү төрийн ёслол хүндэтгэлийн үзүүлбэрүүд давамгайлсныг шинжээчид дурдаж байна. Трампын хувьд Ши Жиньпиний Цагаан ордонд хийсэн айлчлал нь өөрийнх нь дүр төрхөөр шинэчлэгдэж буй Вашингтон хотыг харуулах боломж байв. Өмнө нь Ши Жиньпин Бээжин хотноо Трампыг хүлээн авахдаа Мин улсын үеийн сүм болон гадаадынхныг нэвтрүүлдэггүй хаалттай цэцэрлэгт хүрээлэнг танилцуулж байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч үүний хариуд өөр төрлийн үзүүлбэр үзүүлэв. Тодруулбал АНУ-ын Зэвсэгт хүчний албан ёсны ёслолын түүхэн анги болох "The Old Guard" (АНУ-ын явган цэргийн 3 дугаар хороо)-ны бүрэлдэхүүнд багтдаг "The U.S. Army Old Guard Fife and Drum Corps" хэмээх түүхэн үлгэр жишээ үлээвэр хөгжмийн ангийн цэргүүд жагсаж, Трампын гольфын клуб шиг харагдуулахаар шинэчлэн зассан Сарнайн цэцэрлэгт хүрээлэнд хөгжим тогложээ. Лхагва, Пүрэв гарагт зохион байгуулагдсан ёслолын үеэр сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцууд дээгүүр нь нүргэлэн ниссэн бөгөөд нэг нислэг нь хэт чанга байснаас Трамп цочиж биеэ чангалсан юм. Трамп Ши Жиньпиний айлчлалаас өмнө нийслэл хотыг тохижуулах, шинэчлэхэд зориулж шүүх болон АНУ-ын Конгрессын эсэргүүцлийг үл харгалзан илүү их эрх мэдэл шаардлагатай байгаа талаар олон сарын турш ярьж байсан билээ. Хэдийгээр Цагаан ордны шинэ хүлээн авалтын танхим, Ойлтын буюу Толин тусгалын усан сан ("Ойлтын усан сан" нь АНУ-ын Вашингтон хотын төв талбайд байрлах, Линкольны хөшөө болон Вашингтоны хөшөөний дундах алдартай Lincoln Memorial Reflecting Pool-ыг хэлж байгаа бөгөөд усан дээр нь Вашингтоны өндөр цагаан цамхаг бүтнээрээ тодорхой ойж харагддаг онцлогтой) зэрэг олон төслүүд хараахан дуусаагүй, эсвэл асуудалтай тулгараад байгаа аж. Цагаан ордны сэтгүүлчдийг хоёр удирдагчийн айлчлалыг сурвалжлуулахаар дуудахдаа төрийн чухал хэргийн талаар сонсох бус, харин тэдний Marine One нисдэг тэрэг болон ерөнхийлөгчийн тамга бүхий том нисдэг тэрэгний талбай бүхий шинэчлэгдсэн Цагаан ордны Өмнөд талбайгаар аялж буйг харуулах зорилготой байв. Сэтгүүлчид бодлогын хэлэлцүүлгийн талаар асуулт асуухад Трамп хариулт өгөхөөс татгалзаж, Ши Жиньпиний тухай тэрээр сайн боржин чулуунд дуртай, сайхан уулзалт боллоо хэмээн хэлжээ.

Тавдугаарт уулзалтын дараах зоогт АНУ-ын технологийн салбарын томоохон төлөөллүүд оролцлоо. Цагаан ордонд зохион байгуулагдсан албан ёсны оройн зоогийн зочдын жагсаалтад Apple компанийн Тим Кук, Амазон компанийн Жефф Безос, OpenAI компанийн Сэм Альтман, Tesla компанийн Илон Маск болон Нвидиа компанийн Женсен Хуанг нар багтсан байна. Уг уулзалтын үеэр талууд хиймэл оюун ухааны хөгжилд хүний хяналтыг тогтоох болон аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцох сувгийг нээхээр тохиролцсон боловч АНУ-ын зүгээс Хятадад тавих технологийн экспортын хатуу хяналтыг хэвээр хадгалахаар байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19