Dark Light
Улс төр | 2026-09-25

ЕРӨНХИЙ САЙД УЧРАЛЫН ЯПОН УЛС ДАХЬ АНХНЫ АЙЛЧЛАЛ БА ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН СОРИЛТУУД

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар 2026 оны есдүгээр сарын 27-30-нд тус улсад албан ёсны айлчлал хийхээр болсныг бид өмнө нь мэдээлсэн.

Монгол Улс, Япон Улсын хоорондын стратегийн түншлэл нь Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэдэг бөгөөд дипломат харилцаа тогтоосноос хойш үе шаттайгаар хөгжсөөр 2022 онд "Амар амгалан, цэцэглэн хөгжлийн төлөөх Тусгай стратегийн түншлэл"-ийн түвшинд хүрсэн билээ.

Түүхэн хөгжил ба сүүлийн үеийн айлчлал

Хоёр улсын харилцаа 1972 онд дипломат харилцаа тогтоосноос эхлээд 1990-ээд оны ардчилсан шилжилтийн үед Япон улсын үзүүлсэн дэмжлэгээр өргөжиж, улмаар "Гуравдагч хөрш"-ийн түвшинд хүрсэн. Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр болсон бөгөөд энэ нь түүний Япон улсад хийж буй анхны албан ёсны айлчлал болж буй юм. Айлчлалын үеэр хоёр орны Засгийн газрын тэргүүн нар харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхээр хэлэлцэхээс гадна Японы парламент болон JICA, JETRO, Япон-Монголын Эдийн засгийн хорооны удирдлагуудтай тусгай уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Худалдааны эргэлт ба бүтцийн тэнцвэргүй байдал

Монгол, Японы эдийн засгийн харилцаанд худалдааны балансын томоохон алдагдал оршдог. Тухайлбал, Япон Улсаас Монгол Улсад хийсэн экспорт өндөр дүнтэй байгаа бол Монголоос Японд нийлүүлж буй бүтээгдэхүүний хэмжээ харьцангуй бага байна. Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн (EPA) хүрээнд гаалийн хөнгөлөлттэй нөхцөлүүд нээгдсэн хэдий ч экспортын бүтэц, үйлдвэржилтийн түвшнээс шалтгаалан хоёр талын худалдааны эргэлт болон квот ашиглалтад тодорхой ялгаатай байдлууд хадгалагдсаар байна.

Үүнийг тодруулбал:

Худалдааны баланс ба эргэлт: НҮБ-ын олон улсын худалдааны COMTRADE өгөгдлийн сангийн сүүлийн үеийн үзүүлэлтээр Япон Улсаас Монгол Улсад хийсэн экспорт 986.74 сая ам.долларт хүрсэн байна. Үүнтэй харьцуулахад Монгол Улсаас Япон Улсад нийлүүлсэн импортын хэмжээ ердөө 15.98 сая ам.доллар байна. Үүний үр дүнд Япон Улс Монголтой хийх худалдаанаас 1 тэрбум гаруй ам.долларын худалдааны ашигтай (Монголын тал ийм хэмжээний алдагдалтай) ажиллаж байна.

Хэлэлцээрийн хэрэгжилт дутмаг байгаа шалтгаан: Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн (EPA) хүрээнд Монгол Улсаас Японд гаргаж буй бараа бүтээгдэхүүний 97 хувийг гаалийн хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох эрх нээгдсэн. Гэвч Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын (МҮХАҮТ) судалгаагаар Монгол Улс энэхүү тарифын давуу талын ердөө 6.9 хувийг ашиглаж байгаа бол Япон Улс манай зах зээлд өөрийн квотоо 116.7 хувиар давуулан ашиглаж байна.

Импорт, экспортын бүтэц: Энэхүү тэнцвэргүй байдлын гол шалтгаан нь Монгол Улсад үйлдвэржилт хөгжөөгүйтэй холбоотой. Монгол Улс Японоос голчлон суудлын автомашин (Улаанбаатар хотын нийт тээврийн хэрэгслийн үнэмлэхүй олонхыг Toyota маркийн машин бүрдүүлдэг), техник хэрэгсэл, өндөр технологийн бүтээгдэхүүн авдаг. Харин манай улсаас Японы зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн нь Японы нийт импортын ердөө 0.03 хувийг бүрдүүлдэг бөгөөд үүнд голчлон ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн болон зарим ашиг ашигт малтмал багтаж байна. Сүүлийн жилүүдэд Япон Улсаас Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалтын хуримтлагдсан дүн 967.46 сая ам.долларт хүрээд байна.

Геополитикийн болон эдийн засгийн сорилтууд

Бүс нутгийн геополитикийн өөрчлөлт, батлан хамгаалах бодлогын шинэчлэлтүүд нь далайд гарцгүй, хоёр хөршөөсөө эрчим хүчний хамааралтай Монгол Улсын хувьд тэнцвэртэй гадаад бодлого баримтлах, логистикийн холболтыг хангах зэрэгт тодорхой сорилтуудыг бий болгодог байна.

Япон, Монгол Улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, цэргийн техник хэрэгсэл хамтран бүтээх, нийлүүлэх хэлэлцээрийг хийж эхэлсэн. Гэвч далайд гарцгүй манай улсын хувьд Японоос цэргийн болон стратегийн зориулалттай ямар нэгэн техник импортоор авахад Орос эсвэл Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх шаардлагатай болдог нь логистикийн хувьд бараг боломжгүй хүндрэлийг үүсгэдэг юм.






Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19