Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсоныхоо дараа Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газарт зочиллоо. Ерөнхийлөгч тус газарт ажиллах үеэрээ ажилтнуудыг ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байж, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх соёлоо түгээн дэлгэрүүлэхэд улам хичээн ажиллахыг үүрэг болгов.
АНУ-д амьдарч буй 40 гаруй мянган монгол иргэний 20 гаруй мянга нь Чикаго хотод сууршиж байгаа тул төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шаардлагыг үндэслэн уг Консулын газрыг нээж байжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус Консулын газрыг байгуулах шийдвэрийг гаргаж, УИХ-аар батлуулж байсан түүхтэй юм.

Тус Консулын газар нь 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш өнгөрсөн хугацаанд 6,000 гаруй хүнд төрийн үйлчилгээ үзүүлээд байна. Одоогийн байдлаар Иллинойс, Индиана, Висконсин, Мичиган, Миннесота зэрэг АНУ-ын төвийн бүсийн нийт 15 мужид амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээг хариуцан хүргэж байгаа бөгөөд хоёр орны худалдаа, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр иргэд, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж байна.
АНУ-д Чикаго дахь Консулын газраас гадна Вашингтон хотод Элчин сайдын яам, Сан Франциско хотод Ерөнхий консулын газар, Нью-Йорк хотод Байнгын төлөөлөгчийн газар тус тус үйл ажиллагаа явуулдаг юм.
Г.ГАНЦЭЦЭГ







Улс төр




