Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
-Татвар, хураамж нэмэхгүй байх чиглэлийг нутгийн өөрөө удирдах байгууллагуудад хүргүүлсэн.
-Засгийн газар татвар, төлбөр нэмэх шийдвэрийг зогсоох бодлого баримталж байна.
-Цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор дулаан, усны үнийг нэмэхийг хойшлуулах шийдвэр гаргасан.
Н.Учрал хэлэхдээ: “Иргэдэд нэмэлт ачаалал үүрүүлэхгүй байх нь Засгийн газрын гол зорилго. Аль ч салбарт татвар, хураамж нэмэхгүй байх чиглэлийг баримтална” гэж онцоллоо.
Засгийн газар орон нутгийн удирдлагуудын гаргасан шийдвэрийг шууд цуцлах боломжгүй. Гэхдээ хэрэв төлбөр, хураамж нэмэх шийдвэр гарсан бол Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин хэлэлцэх шаардлагатай гэдгийг анхааруулсан байна.
Монголын эдийн засагт олон улсын нөхцөл байдал, нүүрсний үнийн уналт нөлөөлж байна. Энэ хүрээнд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг хил, боомтуудад ажиллаж, Биржийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж байна.
Одоогоор төсвийн тодотгол хийх шаардлага үүсээгүй гэж үзэж байгаа ч нөхцөл байдал өөрчлөгдвөл зохицуулалт хийх боломжтой гэдгийг Н.Учрал мэдээллийнхээ үеэр дурджээ.