Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нар УИХ-д өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Өнөөдөр Монгол УИХ-д Засгийн газрын зүгээс Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг өргөн мэдүүллээ. Өнгөрсөн хугацаанд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын талаар олон нийтийн хэлэлцүүлгүүд нэлээд өрнөсөн. Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 1хBET гэсэн сайтаар дамжуулж 2024 онд 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар агентууд буюу зуучлагчаар дамжин гарсан байна. Өнөөдөр би Монголбанкнаас мэдээлэл авлаа. Үндэсний статистикийн хорооноос судалгаанууд хийсэн. 2023 оны байдлаар энэ төрлийн тоглоомоос болж 200 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2024 онд гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдээлэл байна. Гадаад улсуудад цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг хэрхэн зохицуулдаг талаар судалгаануудыг хийсэн. Нийт 46 улсаас 21 нь төлбөрт таавар, цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомыг бүхэлд нь хууль бус гэж үздэг. Эрүүгийн өндөр хариуцлага хүлээлгэдэг. Үүнээс 7 улс л хуулиар хүлээн зөвшөөрдөг. 6 улс хэсэгчилсэн байдлаар зохицуулдаг. 13 улс нь одоогоор ямар ч зохицуулалтгүй байгаа. Зөвшөөрлийн хууль нь төлбөрт тааврыг ч тэр, бооцоот тоглоомыг ч тэр, цахим мөрийтэй тоглоомыг ч тэр бүхэлд нь хориглосон. Ингэснээр Зөвшөөрлийн хуульд байсан Төлбөрт таавар, Бооцоот тоглоом, Цахим мөрийтэй тоглоомын хуулийг Зөвшөөрлийн хуулиас хасаж байна гэсэн үг. Зөвшөөрлийн хуульд тус нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Эрүүгийн хуульд дагаж нэмэлт өөрчлөлт орж байна. Хоёрдугаарт, зуучлагч буюу агентууд. 1хBET гэх сайтын ард 110 агентууд ажиллаж байна. Энэ агентууд 2-3 хувийн шимтгэл авдаг. Зарим нь 5 хувийн шимтгэл авдаг. Шимтгэлээс бас мөнгө олж байна гэсэн үг. 110 агентыг эрүүгийн хуулиар санкцыг нэмэгдүүлж байна. Төлбөрт таавар, бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоомыг хэвлэл мэдээллийг хэрэгсэл болоод бүх төрлийн хэлбэрээр олон нийтэд сурталчлахыг хориглож байна. Гэхдээ үүнийг Зөрчлийн хуулиар шийднэ. Хэрвээ зохион байгуулалттай тоглосон бол Зөрчлийн хуулиар эхний удаа торгох нь зүйтэй гэсэн зохицуулалт хийсэн.