АН-ын дарга, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс тодрууллаа.
-Менежер гэх статустай 400 алба хаагч байна. Зарим төрийн өмчит компани гурав хүртэлх орлогчтой гэх мэдээлэл байна. Үүнд АН-аас хэдэн хүн томилогдож байгаа вэ?
-Яг АН-аас хэдэн хүн томилогдож байгааг мэдэхгүй байна. 10 орчим л байх. Зарчмын хувьд төр харьяандаа байгаа компаниудаа хянахгүй бол тэнд хулгай зэлгий нүүрлэсэн гэдгийг ард түмэн хэлж байгаа. Компаниудын бүтээмжийг сайжруулахгүй бол татан буулгах шаардлагатай. Нэг үгээр хэлбэл Засгийн газар өөрөө компаниуд дээрээ очиж ажиллаж байна гэсэн үг. Энэ нь нэг их урт хугацааны зүйл болохгүй гэж би бодож байгаа. Компани цаашид хоёр чиглэлээр явна. Нэг нь Эрдэс монгол уул уурхайн компаниудын нэгдэл. Нөгөөх нь Эрчис монгол. Энэ нь уул уурхайн бусад дэд бүтцийн салбаруудын компанийн нэгдэл байна. Энэхүү хоёр компанид үр ашигтай компаниудаа нэгтгэе гэж байгаа юм. Тэгэхгүй бол компаниуд тэнд хэдэн тэрбумаар нь мөнгө хэрэглээд байдаг бүтээмж байдаггүй. Дээр нь өрсөлдөх чадвар нь сайжирдаггүй. Тэгээд эдийн засаг дотроо их том орон зайг эзлээд байдаг. Тийм учраас бид төрийн өмчийн хариуцлагатай байдал, нийтийн өмч рүү шилжих шилжилт, менежмент удирдлагыг сайжруулахын тулд бүтээмжийн менежер, хяналтын менежер томилох шийдвэрийг Засгийн газар гаргасан.
-Чиг үүргийн хувьд гүйцэтгэх захирал нь бүтээмжтэй байх асуудлыг шийдэх ёстой биш үү. Хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй байхад бүтцийг нь ингэж шинэчилж болох уу?
-Тэр компаниудыг очиж сэгсэрье л дээ. Юу байгааг нь бодитоор харах хэрэгтэй шүү дээ. Тэнд чинь 10 жил болсон захирал байна. 20 жил болсон ажилтан байна. Салдаггүй баахан садан төрөл байна. Яг юу хийгээд байгаа юм бэ.
-Тэр хяналтыг хийхдээ мэргэжлийн хүмүүс очиж байгаа юу?
-Мэдээж улс төрийн сайд томилж байгаа учраас улс төрийн томилгоо явна шүү дээ. Тэнд очоод хяналт тавих хэрэгтэй.
-Хэр хугацаанд ажиллах вэ?
-Тодорхой хугацаатай компаниудын менежментийг сайжруулах үүрэгтэй хүмүүс.
-Хоёр хүн томилох ёстой юм биш үү. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрт таван хүн томилж байна шүү дээ. Энэ ямар учиртай вэ?
-Яг гүйцэтгэж байгаа хүмүүсийн тухайд би мэдэхгүй байна. Үнэнийг хэлэхэд Засгийн газраас гарсан шийдвэр юу вэ гэхээр бүтээмжийн менежер байна. Үүнийг ЗГХЭГ томилно, санал болгоно. Хоёрт нь хяналтын менежер байна. Үүнийг хяналт эрхэлсэн сайд санал болгоно гэсэн. Ийм л шийдвэр гарсан.
-Хяналтынх нь менежер АН-аас томилогдож байгаа гэсэн үү?
-Уг нь АН-аас томилогдох ёстой. Гэхдээ би тэр процессыг мэдэхгүй байна. Яг томилохдоо Засгийн газар санал болгоно. Тэгээд ТУЗ, захирал, бүтцийн өөрчлөлт гээд олон юм болох байх.
-АН-ын гишүүдийг ажил албан тушаалд томилохгүй байна гэх шахааны үндсэн дээр томилж байгаа гэх мэдээлэл байна?
-Ер нь АН-ын гишүүд дунд тийм санал байгаа. АН-ын гишүүд найман жил төрийн албанаас хасагдсан. Намаар гадуурхагдсан. Түүнийг бүх ард түмнээрээ мэдэж байгаа биз дээ. АН-ын гишүүн эсвэл АН-ын гишүүдийн үр сад төрийн алба болоод бусад албанд орохгүй байна. Хавтгай ярьж байгаа шүү дээ. Хамтраад засаг барьсан юм бол доошоо эдгээр хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг байдлыг одоо зогсооё.