УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.04.22/-ийн хуралдаанаар:
- Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Уг хэлэлцээрийн төсөлд Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх, мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах эрх олгохоор тусгасан нь урт хугацаанд нэг улсаас хамааралтай болох, улмаар үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн гишүүд үзсэн тул төслийг дахин нарийвчлан судалж, язгуур эрх ашигт нийцүүлэн сайжруулах шаардлагатай гэж үзэв.
- Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Уг хэлэлцээрийг гурван жилийн хугацаатайгаар байгуулах бөгөөд Монгол Улсаас гаралтай 367 мөр бараанд хамаарах 621 нэр төрлийн, харин ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас гаралтай ижил тооны мөр бараанд хамаарах 499 нэр төрлийн барааны гаалийн тарифын хувь хэмжээг харилцан тохиролцсон байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж үг хэлсэн бөгөөд уг хэлэлцээр нь зах зээлийг харилцан нээх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ.
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Хуулийн төсөл батлагдсанаар зээлдэгчийг ‘хар жагсаалт’-д оруулдаг тогтолцоог халж, зээлжих зэрэглэл тогтоох нэгдсэн аргачлал, журамтай болох эрх зүйн орчин бүрдэх юм.