Одоогоос 104 жилийн тэртээ Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилготой “Анхны долоо” Монгол Ардын намыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулсан түүхтэй. Тухайн үед Ази тив дэх анхны улс төрийн намаар МАН тодорч байлаа. Өнөөдөр МАН-ын хамгийн том салбар бүтэц нийслэлийн МАН түүхэн 100 жилийн ойтойгоо золгож байна. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын үе үеийн удирдлага, хамт олон, нийт гишүүд, идэвхтэн сонгуультан, тэдний гэр бүлд чин сэтгэлийн талархал илэрхийлж, түүхт 100 жилийн ойн баярт зориулсан ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг нээлээ.
Нийслэлийн Монгол Ардын нам тэртээ 1925 онд 5 үүрийн харьяанд 421 гишүүнтэй байгуулагдсан цагаас эхлэн зуунаар тоологдох намтар түүхийг бүтээж, өнөөдрийн нийслэлийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан хүн бүрийн тэмдэглэлт баяр, түүхэн өдөр ийнхүү тохиож байна. Үзэл бодол, үйлс зорилгоороо нэгдсэн нийслэлийн Монгол Ардын нам өнөөдөр 78 мянган гишүүдээ эгнээндээ нэгтгэжээ. Нийслэлийн намын хорооны нэгэн зууны түүх бол ээдрээт замнал, их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх бөгөөд улсын нийслэлээ өнөөдрийн хөгжилд хөтөлж ирсэн Улаанбаатар хотын зуун жилийн түүх болохыг нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар онцлон тэмдэглэв.