Нью-Йорк хотын хүүхдийн мэс заслын эмч Корнелиа Григс хүүхдүүддээ зориулж өөрийн твиттер хуудаснаа бичсэн зүйл олны сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр бага насны охин, хүү хоёртой юм.
Корнелиа эмч “Хүүхдүүд маань үүнийг уншихад дэндүү балчирдана. Мөн тэд намайг өмсгөлтэй байхыг минь хараад ч бараг танихгүй байх. Хэрэв хүүхдүүд минь ээжийгээ COVID өвчнөөс болж алдвал ээж нь ажлаа хийхийн тулд маш их хичээсэн шүү гэдгийг мэдээсэй гэж хүсч байна” хэмээн өөрийн зургийн хамт нийтэлжээ.
Тэрээр мөн GetMePPE гэсэн хаштагтайгаар жиргэсэн бөгөөд PPE нь Personal Protective Equipment буюу хувийн хамгаалах хэрэгсэл юм. АНУ-ын эмч нарт тулгараад буй асуудал болох хувийн хамгаалах хэрэгслийн хомсдол үүсээд буйг анхааруулж “Надад хамгаалах хэрэгсэл өг” хэмээн жиргэжээ.
Мөн тэрээр “Нью-Йорк хотын эмчийн коронавирусийн анхааруулга: Тэнгэр нурж байна” гэсэн гарчигтайгаар New York Post-д дараах агуулга бүхий бичвэрийг нийтэлжээ.
"Яаралтай түргэн тусламжийн өрөөний үүдэнд битгий хэл эмнэлгийн гадаа ч хүмүүс шинжилгээ өгөхөөр зогсолтгүй дугаарласаар байна. Гэтэл бидний нэг удаагийн бээлий, хувийн хамгаалалтын хэрэгсэл дуусч байна. Бидний өвчтнүүд болон эрүүл мэндийн ажилтнуудын хувьд энэ нь хямрал юм. Хүмүүс ээ, гадагшаа гарах хэрэггүй, гэртэй бай, гуйж байна. Гэхдээ тэглээ гээд буйдандаа бүү шигдээрэй, эрүүл мэнддээ тустай зүйл хийгээрэй. Хэрэв танд муу зүйл тохиолдож манай эмнэлгийн үүдэнд ирэхэд бидний туйлдсан царай л таныг угтах болно. Гэсэн ч бид та бүхнийг амьд байлгахын тулд мэддэг бүхнээ хийнэ. Та ч бас бидний төлөө хичээгээд гэртээ байгаарай гэж гуйя” хэмээжээ.
Эх сурвалж: Today