Цаг үеийн мэдээ

Өвөл болохоор хүйтэн болдог. Өвөл болохоор цас ордог.  Цас мөс арилгах, зам засаж арчлахад хүн хүч, машин техник үргэлж дутагддаг. Төрийн өмчит 20  том толгойтой, 20 “АЗЗА” компани тус бүрдээ бүдүүн захирал удирдлагатай, бүр 1 биш 8  ТУЗ-тай, тэдгээр нь 72 гишүүнтэй. Замаа засдаг гар нь цөөхөн, техник нь хуучин, захирч зааварладаг захирал толгой нь олон. Нэг АЗЗА 30 ажилчинтай бол нэжгээд дарга захирал, удирдлага, нэмээд ТУЗ-тай. 

Хөдөө хөхөрч, гадаа гандаж, гардан хөдөлмөрлөдөг ажилчны сарын цалин сая төгрөг. Халуун дулаан оффист хааяа нэг хуралд заладаг  ТУЗ-ийн гишүүд нь өнгөрсөн жил 600 саяын урамшуулал хүртсэн. Хөдөөгийн олон  замбараагүй замын алинаар нь явах вэ та минь ээ гэдэг дуу өнөөдөр хөдөөгийн олон замбараагүй компанийн аль нь замаа засах вэ болсон байна. 

Зам нь аймгуудыг залгаж холбодог ч засвар нь саланги тусдаа. Аймаг залгаа замын арчилгааг  би, чи гэж бие биендээ түлхэж, завсарт нь татварын мөнгөөрөө төсөв, урамшуулал өгдөг ард иргэд эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирдог. Жишээ нь, Дундговийг хариуцсан компани зам засахаар 1,8 тэрбумыг авсан ч биш бартаат замын тэмцээн зохиомоор онгорхой цоорхойтой, нүх сүвийг нь шавар хөлдөөж шавж овойлгосон байна.

Засгийн газар 20 толгойтой хорголжин АЗЗА-г нэгтгэж, нэг толгойтой болгохоор шийдсэн байна. Өнөөдөр Монгол Улс 15 мянган км шахам олон улсын, 7392 км улсын чанартай, бас чанаргүй замтай. 23 мянга шахам км замын 70 хувийг төрийн өмчит 20 толгойт АЗЗА засаж арчилдаг нэртэй.  Хувийн компаниуд хийсэн ажил, засварын чанарын үр дүнгээрээ үйлчилгээний  төлбөрөө авдаг бол тэр зам засварыг өөрийг нь засаж нээсэн чөлөөлөлт болно.  Зам тавилаа засварыг засахгүй бол зарим талаар зам дагаж хөгжил биш зам дагаж хохирол ирээд байна.

 

Таны сурталчилгаа