Цаг үеийн мэдээ

Ливерпүүлийн алдарт “Битлз” хамтлаг тарсны 50 жилийн ойг тохиолдуулан тус хамтлагтай холбоотой 250 гаруй эд зүйлсийг Америкийн “Julien” дуудлага худалдаанд оруулсан байна.

 Тус дуудлага худалдаагаар 1968 онд Пол Маккартнигийн цаасан дээр бичиж байсан “Hey Jude” дууны үгний анхны гар бичмэл 910 мянган ам.долларын үнээр худалдаалагдсан байна.

Нэрээ нууцалсан худалдан авагч энэхүү гар бичмэлийг анхны үнээс нь даруй 6 дахин өндөр үнээр худалдан авчээ.

Пол Маккартни “Hey Jude” дуугаа Жон Ленноны хүү Жулианд зориулж зохиож байсан юм. Тухайн үед найз Жон Леннон нь эхнэр Синтигээсээ салж байсан нь хүү Жулианд нь хүндээр нөлөөлсөн тул, хүүг тайвшруулах зорилгоор энэ дууг зохиожээ.

7 минут 8 секунд үргэлжлэх тус дуунд “Хөөе Жүүд битгий сэтгэлээр уна, гунигтай дуу байсан ч түүнийг хөгжилтэй болгон дуул” гэсэн мөрт байдаг билээ.

Дуудлага худалдаагаар “Битлз” хамтлагийн 1964 онд Хойд Америкт хийж байсан анхны аялан тоглолтын үед ашиглаж байсан бөмбөрийн толгой 4 дахин өндөр үнээр буюу 200,000 ам.доллараар зарагдсан байна.

Мөн Жон Леннон, Йоко Оно нарын Вьетнамын дайныг эсэргүүцэн зурж байсан “Bagism” зураг 93,750 ам.долларын үнэд хүрчээ.

Таны сурталчилгаа