Цаг үеийн мэдээ

      Царцаанууд Этиоп дахь газар тариалангийн 200 мянган га газрыг сүйтгэсний улмаас тус улсын нэг сая орчим иргэн өлсгөлөнд нэрвэгдэх аюултай байна. Иргэдийг өлсгөлөнгөөс аврахын тулд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болоод байгаа тухай НҮБ-ын илтгэл тайланд дурджээ.

      Африкийн Рога нутагт царцааны нүүдэл болсны дараахан НҮБ болон Этиопын Засгийн газар хамтран судалгаа явуулжээ. Бүс нутгуудад илүү том гамшиг нүүрлэх аюултай байгааг энэхүү судалгаа харуулсан байна. Царцаанууд хэдэн тэрбумаараа Этиоп, Сомали, Кени, Жибути, Эритрей, Танзани, Судан, Өмнөд Судан, Уганда зэрэг Зүүн Африкийн өргөн уудам бүс нутгаар дайран өнгөрчээ. Тийнхүү царцаа элбэгшээд байгааг мэргэжилтнүүд борооны улирал сүүлийн 40 жилд байгаагүй элбэг тохиолдсонтой холбон тайлбарлажээ. Этиоп улсад гэхэд л царцаанууд сорго, улаан буудай, эрдэнэ шишийн тариаланг сүйтгэсэн байна.

 

    

 

    Хүнсний яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байгаа хүмүүсийн дөрөвний гурав нь Этиопын зүүн цөлийн бүс нутагт амьдарч байна. Тариаланчдад үр тариа, бордооноос гадна зээл авахад нь тусламж үзүүлэх хэрэгтэй болоод байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгч Фатума Сеид онцолжээ. Коронавирусний хор уршиг нөхцөл байдлыг дордуулж байна.

     “Ийм нөхцөлд, ялангуяа коронавирус тархаад буй нөхцөлд ард иргэдийг хамгаалах нь маш чухал юм” хэмээн тэрбээр хэлжээ.

Таны сурталчилгаа