Daily News сонины танилцуулснаар өнөөдрийн байдлаар дэлхийн 15 орон болон хүн ам сууришсан 11 бүс нутагт коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм байна. Эдгээр орнуудын тоонд дэлхийн хамгийн хаалттай орнууд болох Хойд Солонгос,Туркменистан улсууд багтаж байгаа юм.
Ковид-19 цар тахлаас ангид орнуудын жагсаалтад мөн Тажикстан, Коморийн арлууд, Кирибати, Лесото, Маршаллын арлууд, Микронезийн Холбооны Муж, Науру, Палау, Соломоны арлууд, Тонга, Тувалу, Вануату зэрэг улс орнууд багтаж байна. Үүнээс гадна хүн ам байнгын сууришсан Питкэрн, Гэгээн Елена, Америкийн Самоа, Уоллис ба Футуна арлууд, Шпицберген, Кокосийн арлууд гэх зэрэг 11 арал, бүс нутагт коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.
ДЭМБ зарим орнуудыг тэр дундаа дэлхийн хамгийн хаалттай орнууд болох Туркменистан, Хойд Солонгос улсуудыг бодит байдлаа нууж, халдварын тохиолдлоо ил болгохгүй байж болзошгүй хэмээн хардаж байгаа юм.
Тиймээс ДЭМБ-ын төлөөлөгчид Тажикстан, Туркменистан улсуудад очиж бодит байдалтай биечлэн танилцаж, тус улсуудад коронавирус бүртгэгдээгүй нь үнэн эсэхийг шалгахаар төлөвлөж байгаа юм байна. Харин Хойд Солонгосын хувьд ДЭМБ-ын төлөөлөгчдийг хүлээж авах эсэх нь эргэлзээтэй юм.
Эх сурвалж: Daily news