Усан оргилуур уу, усгүй оргилуур уу? Усан оргилуур устай, усгүй юу? Усан оргилуур уг нь бол устай юм байна. Усных нь крантыг улс төр хаачихсан болохоос биш усны машинаар ч тээвэрлэх хэрэггүй, усны хувингаар ч зөөх учиргүй, усаа татсан шугам хоолойтой юм байна. Сентрал тауэр барилгын урд хэсгээс ухаж татсан усны шугамтай ч улс төрийн өшөө хорслоор усных нь крантыг хааж мушгиад, таглаж бөглөөд байдаг юм байна. Усных нь крантыг хаачихаад, усаа түмпэнгээр зөөдөг гэдэг улс төр хийдэг юм байна. Д.Сумъяабазар хотын дарга болсноос хойш усан оргилуураас ус боргилох нь ховорджээ. Үндэсний бөхийн аварга, таэквондогийн хар бүст С.Амарсайхан хоёрын улс төрийн тулааны хохирогч нь усыг нь хаалгасан усан оргилууртай Улаанбаатарын иргэн Та бид. Готов нь авна уу, Шадав нь авна уу гэдэг шиг С.Амарсайханы рейтинг өснө үү, Д.Сумъяабазарын рентген муудна уу, Х.Нямбаатар нялна уу, хэрэлдэн үү, бид дунд нь хохирмооргүй байна Ус оргилох нь улс төрийн нэр хүндээс чинь чухал байна. Улсын нийслэл хот төв талбайдаа устай оргилууртай мөртлөө усгүй байгаа нь усан тэнэг, нусан пулемёт болоод байна.
Монголын бүх юмны эзэн, түүний дотор ХХБ-ны эзэн сахал Д.Эрдэнэбилэг бүр Сүхбаатарын талбайн эзэн болчихсон байсан юм. Д.Эрдэнэбилэгийн UB constraction компани Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2,5 га газрыг эзэмшилдээ авч, машин зогсоол болгон мөнгө олж байсан. Хувийн ХХБ-ны эзэн, улсын Хөгжлийн банкны бас эзэн, Эрдэнэтийн 49 хувийн эзэн байсан энэ хүн хотын захиргаанд хураасан зогсоолын төлбөрийнхөө 30 хувийг өгөхгүй бултдаг байсан юм. Том банкны эзэн зогсвол зоос, хөдөлбөл хөлс гэдгийг утга учраар нь харуулж, тавьт зуут, таван зуут мянгатыг галын хайчаар шүүрэн авч, гар хуруундаа сарвайлган хамж байсан юм. Манайдаа том банкууд, том компаниуд зоос мөнгийг их бага гэж голохгүй, гоожуур бүхний дор түмпэн шанага түчигнүүлэн тосно. Шинэ хуучин машин зарж мөнгө олно, машины зогсоолын төлбөр хурааж мөнгө олно.
Хотын дарга С.Амарсайхан 2019 онд Төв талбайн урд хэсгийг сахал үснээс нь салгаж, Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийг цуцалсан. Орон гэргүй архичдын байгалийн бар, шороон дэртэй дэн буудал байсан хэсэг нь Хонхтой цэцэрлэг, хойд талд нь 500 тоннын багтаамжтай, усан шугам хоолойтой, гэрэлтэй, хөгжимтэй, саравчтай сандал суудалтай, боловсон жорлонтой, гэр хэлбэрийн шилэн фасадтай амрах орчин болсон юм байна. Одоо ус оргилох хэрэгтэй. Крантаа нээ, хотын дарга аа.