Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.07.22/ коронавирусний цаг үеийн мэдээллийн өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү : 7 сарын 21-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборати, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 461 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Үүнийг нарийвчлан танилцуулъя. 2020 оны 7 сарын 2-нд Сөүл - Улаанбаатар онгоцоор ирсэн 2 онгоцны 383 хүний давтан шинжилгээ, 2020 оны 7 сарын 2-нд АНУ-аас ирсэн 25 хүний 3 дахь давтан шинжилгээ, идэвхитэй тандалтын зорилгоор санамсаргүй түүврээр хийж буй 15 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний  давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээг тус тус хийхэд коронавирус илрээгүй. Ингээд Монгол улсад 287 батлагдсан тохиолдлоос 213 хүнийг эмчлэн эдгээж дараа дараагийн шатны сувилалд шилжүүлжээ. Одоо 74 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлж үзвэл 60 хүн хөнгөн, 14 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 106 хүн эмчилгээ хяналт тандалт ажиглалтад байна. 2020 оны 7 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор 260 хүн ирсэн мөн шөнө 01.00 цагт Австралиас 48 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийнхаа сорьцыг цуглуулан шинжилгээ хийж байна.

БНСУ эмчлэгдээд гарсан 100-аад хүнээс дахин вирус илэрч байсан. Гэсэн ч эмнэлгээс гэртээ гарчихсан байсан тэдгээр хүмүүс бусдад халдвар тараагаагүй гэж мэдээлсэн. Яг үүнтэй адил юм манай улсад тохиолдож байна. Эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрч байгаа нь биднийг гайхшруулж байгаа. Эдгэрсэн хүмүүс цааш вирус тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байгаа учраас бид сувиллын ажиглалтын хугацааг зарим тохиолдолд сунгасан.

Вирусний эсрэг бие үүсдэг гэж би өмнө нь тайлбарлаж байсан. Эсрэг биеийн хэмжээ өндөр байх тусам хамгаалах чадвар сайн байна гэсэн үг. Эмчлэгдээд гарсан хүний биеэс илэрч байгаа вирус амьд уу эсвэл үхсэн вирус биед байгаад шинжилгээгээр илэрч байна уу гэдгийг дэлхий дахинаа тодорхойлж чадахгүй байна. Зарим өвчний вирус устахгүй, идэвхгүй болох үйл явцыг эдгэрэх гэж дүгнэдэг.

Ирэх 10, 11 дүгээр сард улирлын томуу, коронавирусийн халдвартай хавсарвал байдал маш хүндэрнэ. Тиймээс энэ эрсдэлийг тооцож, томуугийн вакциныг их хэмжээгээр авах захиалгыг Засгийг газарт өгч байгаа гэлээ.

Таны сурталчилгаа