Монгол улсын Засгийн газраас гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна. Улсын Онцгой Комиссын шийдвэрээр 07 дугаар сард тусгай үүргийн 14, захиалгат 5 нислэг үйлдэгдэж нийт 3,834 иргэнийг татан авлаа.
Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын эд зүйлс, ачаа, тээш, тээврийн хэрэгсэл болон тусгаарлан ажиглах байранд халдваргүйжүүлэлт хийн халдвар хамгааллын дагуу тусгаарлан сорьц авч, COVID-19 халдварын шинжилгээ хийх үйл ажиллагаанд ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний багууд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 07-р сард хариу арга хэмжээний 7 баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд 26 удаа ажиллаж, 19 онгоц, 24 тусгаарлах байр, зорчигчдыг тээвэрлэсэн 148 тээврийн хэрэгсэл болон зорчигчдын гар тээш, хувийн хэрэгсэл, зэрэг нийт 85,000 гаруй кг ачааг халдваргүйжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулснаар дотоодод халдвар тархах эрсдэлээс 100 хувь урьдчилан сэргийлж ажиллалаа.
ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдод 31 удаа нийт 4,527 хүнээс сорьц цуглуулж, шинжилгээ хийсэн. Мөн ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Дорноговь аймгийн Зам-Үүд боомтод 2 удаа ажиллаж, хилээр нэвтэрсэн иргэдээс нийт 440 сорьц авч лабораторийн шинжилгээ хийж гүйцэтгэлээ.
Тус хугацаанд Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг 20 удаа өглөөний хурал зохион байгуулж, зохицуулагчын тушаал 3 удаа гаргаж, хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ зоонозын өвчний цаг үеийн болон шинэ коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар олон нийтийн МҮОНТ, SBN, МассТВ, NTV, TV9, ETV, Eagle зэрэг 16 телевиз, www.gogo.mn, www.ikon.mn, www.news.mn, www.medee.mn, www.unuudur.mn зэрэг мэдээллийн 44 цахим хуудас, Өнөөдөр, Өглөөний сонин зэрэг өдөр тутмын 2 сонинд мэдээлэл, ярилцлага өгч ажиллалаа.