Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.08.05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхий сайд хүүхдийн 100 мянга болон бусад хөнгөлөлтүүдийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэх чиглэл өгсөн байна. Тодруулбал:
1. Хүүхдийн мөнгө: COVID-19 цар тахалтай холбогдуулан хүүхдүүдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болов. Нийт 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.
2. Тэтгэвэр, тэтгэмж: Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно.
3. Нийгмийн даатгал: Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээг 2020 он дуустал ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувь байхаар хөнгөлж, хэсэгчлэн тооцохоор болов.
4. ААНОАТ: 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлсөн байсан. Үүнийг үргэлжлүүлэх бөгөөд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 15 тэрбум төгрөгийн дэмжлэг олгоно.
5. Түрээсийн татвар: 2020 оны 02 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлсөн хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулаад байна. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагджээ.