Дэлхийн 175 орны төлөөлөгчид Хуванцрыг хязгаарлах гэрээ байгуулах зорилгоор БНСУ-ын Бусан хотноо чуулж байна.
Тодруулбал, хуванцар бохирдлын хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, далайн экосистемийг хамгаалах зорилго бүхий олон улсын эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг боловсруулах зорилго бүхий Засгийн газар хоорондын хэлэлцээ даваа гарагт эхэлсэн бөгөөд хорооны тавдугаар хуралдаан амжилттай үргэлжилж байна.
Энэхүү баримт бичиг нь хуванцрын үйлдвэрлэл, хэрэглээг бууруулах, хог хаягдлын зохистой, үр ашигтай менежментээр дамжуулан хуванцрын дахин ашиглалт, боловсруулалтыг нэмэгдүүлэхэд төвлөрч, үүнд чиглэсэн дэлхийн дахины хамтын ажиллагааг бэхжүүлж, үүрэг амлалт, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих шинэ техник, технологи, инновацыг дэмжих бөгөөд хуванцрын амьдралын мөчлөгт оролцогч талуудын хариуцлага, хяналтыг нэмэгдүүлснээр энэхүү баримт бичгийн хэрэгжилт амжилттай болно гэж Засгийн газар хоорондын хэлэлцээний хороо үзэж буй юм.
Энэ ч утгаараа олон талт оролцоог баримт бичгийн төслийн боловсруулалтын бүхий л үе шатад хангаж буй бөгөөд хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд боловсруулалтад хяналт тавьж, санал бодол, дуу хоолойгоо идэвхтэй илэрхийлсээр байна.
Монгол Улс хорооны гишүүний хувьд, баримт бичгийн боловсруулалтын үе шатад идэвхтэй оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлж буй бөгөөд хуванцрын бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхэд үндэсний онцлогийг харгалзан үзэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь чухал юм.
Энэхүү тавдугаар хуралдаанаар баримт бичгийн төслийг хорооны гишүүн орнууд эцэслэн боловсруулж, олон улсын эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг болгох дараагийн үе шатад шилжүүлэх билээ.