Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 7 дугаар багт байрлах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхайд нуралт үүсэж, тус уурхайн ажилчид болох иргэн Б /19 настай, эрэгтэй/, Х /27 настай, эрэгтэй/ нар шороонд дарагдсан мэдээллийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний 13:00 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан.
Тус уурхай нь Хэнтий аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, Бэрх тосгоноос зүүн урагш 3 км-т оршдог.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, “Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажлыг зохион байгуулан, эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн юм.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн томилогдсон бүлэг далд уурхайд нөхцөл байдлын үнэлгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт алба хаагчдыг хоёр хэсэгт хуваан дөрөв, дөрвөн цагаар тасралтгүй сэлгэн ажиллуулж, аврах ажиллагаа явуулснаар 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10:47 цагт Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг 5 дугаар багийн харьяат иргэн Б-г 83.1 метрийн малталтаас эсэн мэнд гарган тус сумын Сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Биеийн байдал нь тогтвортой байна.
Харин 8 сарын 17-ны өдрийн 04:15 цагт иргэн Х-ын цогцсыг уурхайн 35 метрийн нуранги дороос олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.