Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ сарын 17-ны өдөр Соёлын сайд С.Чулуун, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Монгол Улс 24 жилийн дараа соёлын асуудал эрхлэх бие даасан Соёлын яамтай болсонд баяртай байна. Нийслэлээс хэрэгжүүлж буй соёлын чиглэлийн бодлого үйл ажиллагаа, өв соёлыг хамгаалах, засварлах, хадгалах, хүүхэд залууст танин мэдүүлэх гээд олон ажлыг Соёлынхоо яамтай хамтарч зохион байгуулах болно. Нийслэл хотын хүн амын дийлэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг онцлогтой. Монгол Улсын өв соёлын нэгэн том цөм болсон нийслэл хотын өв соёл, түүх дурсгалыг хүүхэд, залууст уламжлуулан таниулах, хадгалах хамгаалах шаардлага бий. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын чиглэлийн асуудлыг салбарын яамтай хамтран хэрэгжүүлэх саналаа тусгасан байгаа. Бид цаашид нийтийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэн бүрд танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг хамтран хийж хэрэгжүүлэх нь чухал” хэмээв.

Соёлын сайд С.Чулуун “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн гурван чиглэлийн нэгд соёлын салбарын асуудлыг тусгасан. Энэ нь төр, засгаас соёлын салбарт анхаарч байгаагийн илрэл юм. Иймдээ ч асуудал хариуцсан Соёлын яамыг тусгайлан байгуулсан. Бидний хувьд нийгмийг соёлжуулах, өв соёлуудаа хүүхэд залууст танин мэдүүлэх тал дээр голчлон анхаарч ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн үүсэл хөгжлийн түүхийг хадгалсан Сарьдагийн хийдийн чиглэлд түүхийн аялал жуулчлалын маршрут гарган хөгжүүлэх ажлыг хийж байгаа билээ. 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарыг таван настайд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулснаар эдүгээгийн нийслэлийн үүсэл шастир бичигдэж эхэлсэн түүхтэй. Хагийн хар нуураас 40-өөд км-т орших Сарьдагийн хийдийн түүхэн дурсгалт газрыг хойч үеийнхэнд сурталчлан таниулах, өв соёлоо хадгалах, хамгаалахад нийслэл хот болон салбарын яам хамтарч ажиллана гэдгийг уулзалтын үеэр талууд хэлж байсан юм. Сарьдагийн хийдийн тууринаас Өндөр гэгээний бүтээсэн Язгуурын таван бурхнаас эхлээд XIII зууны Монголын төдийгүй бүс нутгийн соёл, улс төр, худалдааны томоохон төв байсныг гэрчлэх хосгүй олдворууд илэрсэн байдаг. Түүнчлэн “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяны хүрээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар соёлын өвийг хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах чиглэлээр анхаарч ажиллаж байна.

Таны сурталчилгаа