Цаг үеийн мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр орон нутгийн зарим хорих анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 425 дугаар нээлттэй хорих анги, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 425 дугаар нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа Э.Тамир байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, ял эдлэгсэдийн талаар товчхон танилцуулав.

Тус анги нь 41дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 230 гаруй хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр батлагдсан хуваарийн дагуу ажиллаж байна. Ноосны үйлдвэрлэл явуулж, хоригдлыг ажлын байраар хангаж, цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр тооцоо, судалгаа хийгээд байгаа аж. Мөн аймгийн бүтээн байгуулалтын ажилд 30-40 хоригдлыг хамруулсан байна. Алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр онцгой анхааран бие бялдрын танхим нээн хичээллэх боломж олгон, тасралтгүй сургалт зохион байгуулж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, 75 айлын орон сууцны гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэн ажиллажээ.

13 хоригдолд бичиг үсгийн боловсрол олгожээ

Үүний дараа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус ангийн дарга, дэд хурандаа П.Ууганбаяр хүлээн авч, ангийн орчин нөхцөл, үйлдвэрлэлийн бүсийн талаар танилцуулга хийв. Тус ангид 250 гаруй хоригдол ял эдэлж байна. Нийт ял эдлэгсдийн 94.4 хувийг ажлын байраар хангасан бөгөөд энэ жил 114 хоригдлыг мэргэжлийн сургалтад хамруулж, 13 хоригдолд бичиг үсгийн боловсрол олгожээ. Тус ангийн дарга, дэд хурандаа П.Ууганбаяр ял эдлэгсдийн дийлэнх хувь нь давтан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хулгайн, болон хүчингийн гэмт хэргээр ял шийтгэгдэгсдийн тоо өмнөх жилүүдийнхээс ихэссэн талаар танилцуулав. Ангийн орчин нөхцөлийн хувьд үйлдвэрлэл эрчимтэй явагдаж, шоохой, тоосгоны үйлдвэрлэл, гар урлал, оёдол гэрээт ажлын чиглэлээр хоригдлуудыг ажлын байраар хангаж байна. Мөн хоригдлуудын дунд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо жил ирэх тусам буурч байгаа талаар ангийн удирдлагууд онцоллоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав үйлдвэрлэлийг өргөжүүлэн, хоригдлыг ажлын байраар тасралтгүй хангахын зэрэгцээ, тэдний ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, эрүүл мэндэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгов.

 

Эх сурвалж: ШШГЕГ

 

Таны сурталчилгаа