Ерөнхийлөгч өчигдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 24-нд Монголын үндэсний олимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзсан байна.Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авсан Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт баяр хүргэж, тамирчны зовлонг ойлгодог, салбараа мэддэг хүн томилогдсонд олзуурхаж байгаагаа илэрхийлжээ.
МҮОХ-ны удирдлагын зүгээс хорооны үйл ажиллагааг сайжруулах, монгол тамирчдын дэлхийд тавцанд гаргаж буй амжилтын түвшнийг ахиулах чиглэлд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаасаа танилцуулж, төр засгаас спортыг бодлогын түвшинд дэмжих нь чухал байна гэжээ.
Ерөнхийлөгч монголчууд спортлог ард түмэн учраас монгол тамирчдын авьяас чадварт итгэдэг гэдгээ онцолсон юм. Гэвч Монгол Улсын шигшээ баг анх оролцож байсан 1964 оны Токиогийн олимп, 1968 оны Мехикогийн олимпоос хойш сүүлийн олимп хүртэлх хугацаанд монголын шигшээ багийн оролцсон төрлүүд, гаргасан амжилтыг дүгнэхэд МҮОХ-ны үйл ажиллагаа чамлалттай санагддаг гэв.
Иймээс МҮОХ-ны үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийх, МҮОХ-ны гадаад харилцааг идэвхжүүлэх, гаднын орнуудаас багш, дасгалжуулагч авчирч, туршлага хуваалцаж ажиллахад онцгой анхаарал хандуулах ёстой гэв. Ингэж байж монгол тамирчдын амжилтын түвшинг дээшлүүлж, олимпын наадмаас хүртсэн хоёр алтан медалийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэж Ерөнхийлөгч үзэж байна гэжээ.
Түүнчлэн Монгол Улсад жилийн зургаан сард нь хүйтэн уур амьсгалтай учраас өвлийн спортын төрлүүдийг эх орондоо хөгжүүлж, монголын баг тамирчид өвлийн олимпод амжилттай өрсөлдөх боломжтой гэлээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар