Цаг үеийн мэдээ

Хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ариутгал, халдваргүйтгэлийг хийж дуусаад байна. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд Эрүүл мэндийн сайдаас ирүүлсэн бичигт үндэслэн НОК-ын шуурхайн штаб болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын шийдвэрээр тухайн хороонд тандалт судалгаа, шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд байгаа юм. Тодруулбал, дүүргийн Онцгой комисс 16 мянган иргэнээс авах ёстой шинжилгээг 2 өдөрт авч дуусаад байна. Мөн тус хороонд "Орхон-овоот" компанитай хамтарч тусгай ариутгалыг хийж, халдваргүйжүүлэв. Энд нийтдээ118 орон сууцны 243 орц, хонгил, нийтийн эзэмшлийн талбай, цонх хаалга зэргийг багтаасан 91.7 мянган ам дөрвөлжин метр талбайг ариутгаж, халдваргүйжүүлэв.

НОК-ын шийдвэрийн дагуу дүүргийн Эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газар 26 дугаар хороонд эрүүл мэндийн байгууллагынхныг ажиллах нөхцөлөөр бүрэн хангаж өгөн хамтран ажиллаж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргасан захирамжид үндэслэж дүүргийн Онцгой комисс тухайн хороонд ажиллах төлөвлөгөө гаргаж 3 дугаар сарын 16-ны 00:00 цагт оршин суугч, олон нийтийг мэдээллээр хангаж, мөн сарын 17-ны 07:30 цагаас хойш чанга яригчаар иргэдэд мэдээлэл өгч, нийт 11.500 өрх айлуудад санамж өгч ажиллажээ. 

Тус хороонд тогтоосон хөл хорионы үед биеэ эмнэлэгт үзүүлэх, буяны ажилтай,  мөн бизнесийн байгууллага руу орж, гарах шаардлагаар 500 иргэнийг хязгаарлалтаас оруулж гарган шинжилгээ авахуулжээ. Тус хороонд:

тус бүр 4 хүнтэй эрүүл мэндийн 36 баг,

Онцгой байдлын 20 алба хаагч,

цагдаагийн байгууллагын 310 алба хаагч,

Түр шуурхай штабын цэгүүд ажиллажээ.

Өнөөдрөөс 26 дугаар хороонд оршин суугч хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 50-64 насны иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэллээ. Дархлаажуулалт 133 дугаар сургууль дээр энэ сарын 21 хүртэл явагдах юм.