Цаг үеийн мэдээ

Кени улсын Накуру мужийн Май Махиу хотын ойролцоо болсон үерийн улмаас 71 хүн нас барж, 110 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус мужийн захирагч Сюзан Кихика өчигдөр /2024.04.29/ мэдэгдлээ. Үерийн далан сэтэрч, төмөр замын доогуурх гармаар дамждаг ус зайлуулах хоолой бөглөрснөөр хот үерт автжээ. Үүний улмаас мод үндсээрээ булгарч, тээврийн хэрэгсэл болон байшингууд олноор урсаж, олон хүн амь насаа алдах эрсдэл үүссэн байна. Аврах багийнхан хуримтлагдсан шавар, хог хаягдлыг цэвэрлэж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж. 

Кени улсад гуравдугаар сараас хойш бороотой байгаа бөгөөд энэ хугацаанд 103 иргэн амиа алдаж, хэдэн мянган айлыг нүүлгэн шилжүүлээд байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд орсон борооны нөлөөлөл олон газарт мал аж ахуй, газар тариаланг устгаж, өлсгөлөн, усны хомсдолд оруулаад байгаа талаар Засгийн газрын  хэвлэлийн төлөөлөгч Исаак Майгуа мэдээллээ. 

Эх сурвалж  CNN.COM

Орчуулсан М.Алтанцэцэг

Таны сурталчилгаа