Цаг үеийн мэдээ

Өчигдөр /2021.04.23/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан хатуу хөл хориог 2021  оны 5 сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгах шийдвэрийг Улсын онцгой комиссоос олон нийтэд мэдээлсэн билээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр мэдээлэл хийсэн. Тэрээр мэдээлэлдээ : "Бид нар урьдчилсан байдлаар тохиолдлын тоо яагаад буурахгүй байна вэ? нас баралт яагаад ихсэв гэдэг дээр анализ хийх үүднээс ПСР-т суурилсан  мутацлагдсан хэлбэрийг илрүүлэх шинжилгээг хийж үзсэн. Энэ шинжилгээнд нийт 33 сорьцыг хамруулсан. Ингээд 33 сорьцыг хамруулахад Турк улсаас ирсэн  3 иргэнд UK вариант буюу Их Британийн хувилбар байна гэдэг урьдчилсан судалгааны үр дүн гарсан. Эдгээр хүмүүс Турк улсаас ирээд 10 орчим хонож байгаа. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа ийм хүмүүс байна. Мөн 2 хүнд бас энэ мутацлагдсан хэлбэр хүн амын дунд хийсэн судалгаанаас гарсан. Бусад хүмүүст нийтлэг коронавирусийн бусад хэлбэрүүд илэрсэн. Эндээс харахад бид нар өнөөдрийн байдлаар шууд хүн амын дунд өргөн тархсан байна гэж хэлэх үндэслэлгүй. Манай мэргэжилтнүүд ирээд аппаратын үйл ажиллагааг үргэлжлүүлээд энэ дээр эцсийн баталгаатай  хариуг хэлнэ. Түрүүн бас хэллээ. Эмнэлзүй болон нас баралтын эрчимтэй холбож магадгүй. Магадгүй энэ UK вариант бас  байгаа юм байна гэдэг урьдчилсан таамаглал хэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Халдвар хамгааллын дэглэмээ л барьж чадвал UK вариант бай ямар ч вариант бай энэ вирусээс бүрэн сэргийлж чадах юм гэдгийг ард иргэд минь ойлгох хэрэгтэй" гэлээ.