"Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордонд нас барсан" гэх хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын хяналтанд ирүүлж байсан.
Өнөөдөр /2021.05.17/ Г.Батхүү агсныг журмын нөхөд нь дурсан цэцэг өргөлөө. Энэ тухай УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудастаа: " Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралд оролцож явах үеэрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн сэжигтэн тогтоогдоогүй гэх шалтгаанаар хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорт гаргасныг Ардчилсан намын бүлгийн гишүүд болон журмын нөхөд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн Монгол Улсын ерөнхий прокурорын газарт албан бичгийг хүргүүлсэн.
Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж, 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад буцааж, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Тусгай хамгаалалттай объект болох Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан хэргийг илрүүлнэ гэдэгт бид итгэж байна. Ардчилсан намын журмын нөхөд нь дурсан цэцэг өргөлөө" хэмээжээ.