Цаг үеийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар өнөөдөр /2121.05.19/ “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийн танилцуулга, хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, технологийн чиглэлийн хувийн хэвшлийн төлөөлөл танхимаар болон цахимаар оролцов. 

Төрийн бодлого боловсруулахад салбар хоорондын хамаарал, түүнийг илэрхийлсэн их тоон өгөгдлийн сангийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Улсын хөгжлийн бодлого үр дүнтэй байх эсэх нь салбар хоорондын бодлогын уялдаа үр дүнтэй байхаас ихээхэн хамаардаг. Харин салбар хоорондын бодлогын уялдааг нэгдсэн тоон мэдээллийн сангүйгээр үнэлэх боломжгүй юм. Иймд “Төрийн их өгөгдөл” төсөл нь энэхүү боломжийг бүрдүүлж төрийн бодлогыг тодорхойлоход тухайн нэг иргэн, өрх, аж ахуйн нэгжийн хувьд нийгэм, эдийн засгийн бүрэн хэмжээний түүхэн өгөгдөлд суурилах боломж бүрдэх юм.

Төрийн нэгдсэн их өгөгдлийн сан байгуулснаар хоорондоо уялдаа холбоо бүхий, чанарын шаардлагыг хангасан мэдээлэлд үндэслэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, улмаар салбаруудын хөгжлийн бодлогын үр нөлөөг үнэн зөв тодорхойлох боломж бүрдэж, төсвийн зардал хэмнэгдэж, мэдээлэгчид (мэдээлэл өгч буй иргэн, аж ахуйн нэгж)-д очих ачаалал, мэдээллийн давхардал буурч, мэдээллийн хэрэглэгчид болох төр засаг, аж ахуйн нэгж, судлаачид, иргэд, байгууллагад мэдээлэл нь хурдан шуурхай хүрэх бололцоотой. Мөн мэдээллийг холбож, уялдуулах, боловсруулалт, тооцоолол хийх үйл ажиллагаа хурдан шуурхай, ухаалаг болж, цогц мэдээллийг нэг дороос авах, төрийн бодлого үр дүнтэй, зорилтот бүлэгтээ хүрдэг болох ба төрийн шийдвэр өргөн хүрээг хамарч, оновчтой болно. Улмаар урт хугацааны өөр, өөр багц өгөгдлүүдийг холбон уялдуулах, шинжилгээ, судалгааны ажлуудын хамрах хүрээг өргөжүүлэх боломж судлаач нарт бий болно.

Хэлэлцүүлгийн нээж УИХ-ын дарга үг хэллээ. Тэрбээр баримт, нотолгоо, шинжлэх ухаанд суурилж гаргасан шийдвэр л оновчтой, үр ашигтай, хэрэгжих боломжтой байдаг. Гэтэл бид аливаа шийдвэр гаргахдаа бусад салбар, байгууллагад байгаа өгөгдөлтэй уялдуулж, холбож дүн шинжилгээ хийхгүй байна. Өөрөөр хэлбэл шаардлагатай өгөгдлүүдийг уялдуулан холбож, тухайн бизнес, тухайн салбарынхаа бүрэн зураглалыг харж чадахгүйгээр ерөнхий байдлаар бодлого, шийдвэрүүд гаргаж байна. Ингэснээр бодлого нь үр дүнгүй, өндөр зардалтай, зорилтот байгаа онохгүй байх явдал цөөнгүй гарч байгааг нуух хэрэггүй. Үүний тодорхой жишээ нь хавтгайрсан халамж, оновчгүй төлөвлөлтүүд мөн гэж судлаачид үзэж байгаа юм. Нөгөө талаар төр өөрт байгаа өгөгдлөө бусдад ашиглуулдаггүй, бусдад байгааг ашигладаггүй, яаж ашиглахаа ч сайн мэдэхгүй байгаа нь бидний алдаа юм. Цаашид бид ийм байдлаар удаан явж болохгүй. Улсын Их Хурал хууль тогтоох үйл ажиллагаандаа Их өгөгдлийг ашиглах ёстой гэж үзэж Парламентын судалгааны хүрээлэн байгуулсан. Энэ хүрээлэн Өгөгдлийг системчлэн цуглуулах, түүгээрээ Их Хурлын гишүүдийг хангах үндсэн үүрэгтэй. Зөвхөн өөрт байгаа төдийгүй гаднын улс орнуудын хууль тогтоох үйл ажиллагаанд хуримтлагдсан сайн туршлага, зөв жишээ, шинжлэх ухааны мэдээлэл, баримт нотолгоонд суурилан хууль тогтоохыг бид зорилгоо болгож байна.

Хуулийн төсөл боловсруулах lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд иргэд, эрдэмтэн судлаачдын саналыг авах lawforum.parliament.mn цахим системийг бий болгож, ашиглаж эхэллээ. Энэ мэт аль болох олон өгөгдөл дээр суурилж, түүндээ зөв дүн шинжилгээ хийж чадвал урт настай, хэрэгжих боломжтой, амьдралд нийцсэн хууль гарна гэж бид үзэж байна хэмээн онцоллоо.

Мөн төрийн өгөгдлүүдийг нэгтгэн холбож, төрийн Их өгөгдлийн сан байгуулснаар маш олон төрлийн статистик дүн шинжилгээнүүд гаргаж болно. Энэ нь одоогийн статистикийн мэдээлэл гаргаж буй уламжлалт аргууд буюу тооллого, судалгаа хийх, мэдээ тайлан гаргах зэрэг ихээхэн цаг хугацаа, төсөв зардал гаргадаг ажлыг хялбарчилж, илүү олныг хамарсан, бодит чанартай, сайн нарийвчлалтай, айл өрх, аж ахуйн нэгжид дарамт багатай, шинэ төрлийн статистик бий болгох боломжтой. Хамгийн чухал үр дүн нь өгөгдлийн сангуудыг нэгтгэж дүн шинжилгээ хийснээр нотолгоонд суурилсан, оновчтой бодлогын шийдвэр гаргах тогтолцоо бий болно. Статистикийн мэдээллийн хурд, чанар сайжирна хэмээлээ.

Мөн УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “ Цахим шилжилтэд төрөөс баримтлах бодлого ” , ҮСХ-ны дарга Б. Батдаваа Төрийн их өгөгдлийг ашиглах боломж ба хүрэх үр дүн сэдвээр,  УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х. Булгантуяа Тогтвортой хөгжил ба цахим шилжилт сэдвээр илтгэл тавилаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр бусад улс орнуудын туршлагаас хуваалцсан юм.

Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, саналаа хэлэн, гарц шийдлүүдийн талаар ярилцлаа. Нэгдсэн санг бий болгоход технологийн шийдэл, зардлыг бодолцож, байгууллагууд чанарын өгөгдөлд анхаарах хэрэгтэйг оролцогчид хэлж байлаа. Мөн өгөгдлийн сангийн байршлын асуудал, нөөц, аюулгүй байдалд онцгой анхаарч мэдээллийг хамгаалдаг төрийн чадварлаг байгууллага байх шаардлагатайгаас гадна мэдээллийн технологийн сайн мэргэжилтэн, хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн асуудлуудын талаар саналуудаа хэлж, ярилцав.

Үүнээс гадна Төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцооны асуудлын эрхзүйн орчинг бүрдүүлэх талаар оролцогчид байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны сурталчилгаа