Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2021.05.20) нэгдсэн хуралдааны үеэр өндөр насны тэтгэвэрт гарч байгаа Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Насангийн Цогтсайханд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэв.
Тэрбээр “Насангийн Цогтсайхан нь Монголын төрд 39 жил, үүнээс Улсын Их Хурлын Тамгын газарт 1993 оноос хойш тасралтгүй 28 жил ажилласан. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын 30 жилийн түүхийн гэрч болсон хүн юм.
Тамгын газрын хамгийн бага зэрэглэлийн албан тушаал болох Байнгын хорооны туслахаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, референт, зөвлөх, ахлах зөвлөх, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, тэргүүн дэд дарга гээд бүх шатаар, мерит зарчмаар алгасалгүй дэвшин ажилласан Монгол төр, Улсын Их Хурлын өндөр мэргэшсэн, шалгарсан алба хаагч юм.
Насангийн Цогтсайхан Танд Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс эрүүл энх, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.