Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы говийн аймгуудад хийх албан томилолт Говьсүмбэр аймгаас эхэллээ. 

Говьсүмбэр аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан 100 ортой Нэгдсэн эмнэлгийн шинэ байрны нээлтэд Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар оролцож, цар тахлын халдварын үед орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг эхнээс нь шийдвэрлэв. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байсан PCR шинжилгээний аппарат болон амьсгалын аппарат хүлээлгэн өгсөн юм. 

Мөн Зургадугаар сардаа багтаан Хүчилтөрөгчийн бичил үйлдвэр байгуулж өгөх бөгөөд яаралтай мэс заслын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, Мэс заслын өрөөний вакуумжсан агааржуулалтын системийг шийдэж өгөхөө илэрхийллээ. 

Цар тахлын халдваргүй Ногоон бүс болох зорилт тавин ажиллаж буй тус аймагт вакцинжуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа аж.

Говьсүмбэр аймагт 100 ортой Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсноор ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхээс гадна 23 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөл бүрдэж байна. 

Шадар сайд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад стандарт маш чухал. Өнөө цагт эрүүл мэндийн үзлэг оношилгооноос эхлээд эмчилгээ, үйлчилгээ болгон нарийн стандарт шаардах болсон. Иймд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарын чанарын стандартыг дээшлүүлэхэд чиглүүлж ажиллахаа илэрхийлье. Орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад энэхүү эмнэлгийн барилга ач тусаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Таны сурталчилгаа